sonin.mn
БАКУ./TASS/. Азербайжан улс 2019-2022 онд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнийг даргална гэж тус улсын Гадаад харилцааны яамнаас гаргасан мэдээлэлд дурджээ.
 
Венесуэльд болж буй Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний гишүүн орнуудын 17 дахь удаагийн Дээд хэмжээний уулзалтын үеэр тус хөдөлгөөнийг даргалах эрхийг Азербайжанд шилжүүлж, 2019 онд Баку хотноо 18 дахь удаагийн Дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах тухай шийдвэр гаргах гэж байна.
 
Тус уулзалтад оролцож буй Азербайжаны төлөөлөгчдийг Гадаад харилцааны сайд Эльмар Мамедъяров тэргүүлж байгаа бөгөөд тэрбээр Дээд хэмжээний уулзалтын дэд даргаар сонгогджээ.
 
Азербайжаны Гадаад харилцааны яамны мэдэгдэлд дурдсанаар “уулзалтын дүнгийн баримт бичигт Уулын Карабахын хямралыг зохицуулах тухай заалтыг оруулах" аж.
Азербайжан улс 2011 онд Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөнд гишүүнээр элсчээ.
 
Тус хөдөлгөөн нь 1961 онд хуучнаар Югослав улсын нийслэл Белград хотод 25 орны санаачилгаар байгуулагдаж байсан бол өдгөө 120 гишүүн улс, 17 ажиглагч орныг эгнээндээ нэгтгэж байна. Аливаа цэрэг-улстөрийн эвсэл болон бүлэглэлд элсэхгүй байхад чиглэсэн гадаад улстөрийн бодлого нь энэхүү хөдөлгөөний гол чиг шугам юм.
 
Х.Сарнай 
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг