sonin.mn
ВАШИНГТОН. /VOA/. Сингапурт төвтэй батлан хамгаалах салбарын захиалга гүйцэтгэгч нэгэн компанийн удирдлагад байсан хоёр хүнийг хоорондоо хуйвалдан АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчин болон бусад байгууллагыг залилсан хэрэгт холбогдуулан шалгаж байна.
 
АНУ-ын Хуульзүйн яамны мэдээлснээр, “Glenn Defense Marine Asia”  компанийн Дэд ерөнхийлөгч асан Нейл Петерсон болон ерөнхий менежер Линда Ража нарыг 5 сая гаруй долларын хуурамч нэхэмжлэл үйлдэж, АНУ-ын Тэнгисийн цэргийн хүчинд илгээсэн гэж үзэж байгаа юм.
 
Тус компанийн гүйцэтгэх захирал Лионард Францис тэнгисийн цэргийн албан хаагчдад 500 мянган долларыг бэлнээр өгч, биеэ үнэлэгчдийг олоход зуучилж, тансаг зочид буудалд байрлуулан, бэлэг сэлт өгч хахуульдан хариуд нь нууц мэдээллийг олж авсан гэх хэрэгт буруутай нь тогтоогдоод байгаа юм. Харин саяхан АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр дээр нэр нь дурдагдсан Н. Петерсон, Л. Ража нарыг Сингапурт баривчилжээ.  
 
Өнгөрсөн 6 дугаар сард АНУ-ын тэнгисийн цэргийн адмирал Роберт Гилбо Холбооны мөрдөх товчооны мөрдөгчдөд худал мэдүүлэг өгсөн хэргээр шийтгүүлэх нь тодорхой болоод байна. 
 
Түүнээс гадна, 16 хүн, тэдний дотор Америкийн Тэнгисийн цэргийн хүчний одоо ажиллаж байгаа болон халагдсан 11 албан хаагчийг мөрдөн шалгаж байгаа аж.
 
Х.Сарнай
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг