sonin.mn
Монгол Улс, Бүгд Найрамдах Индонез Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойд зориулан Индонез Улсын Элчин сайдын яам 2016 оны 9 дүгээр сарын 15-нд Улаанбаатар хотод хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулав.
 
Арга хэмжээнд Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг оролцож үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ “Бүгд Найрамдах Индонез Улсын Ерөнхийлөгч Сукарно 1956 онд Монгол Улсад айлчилж, энэхүү айлчлалын дүнд хоёр орны хооронд дипломат харилцаа анх тогтоожээ. Өнгөрсөн жаранд манай хоёр улсын харилцаа монгол, индонезийн ард түмний эрх ашигт нийцэн тогтвортой, тууштай хөгжиж ирсэн”-ийг тэмдэглээд найрсаг харилцаанд суурилсан хоёр орны түншлэл дараа дараагийн жаранд ч цэцэглэн хөгжинө гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлэв.
 
mpa-photo-2016-2930
 
Бүгд Найрамдах Индонез Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Соегенг Рахарджо арга хэмжээг нээж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар мөн үг хэлэв.
 
Монгол, Индонезийн харилцаа сүүлийн жилүүдэд улс төр, эдийн засаг, боловсролын салбарт идэвхтэй хөгжиж байна. Дээд, өндөр түвшний яриа хэлэлцээ тогтмолжиж байгаагийн зэрэгцээ өнгөрсөн онд Монгол, Индонезийн хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох, санал солилцох зорилго бүхий Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны комиссын анхдугаар хуралдаан Жакарта хотод болж байв.