sonin.mn
Намрын дунд сарын 17-ны билигт сайн өдөр буюу энэ ням гарагт “Чандмань эрдэнийн өргөл” усан тахил өргөх олон нийтийн эв санааны үйл ажиллагаа болно.
 
Энэхүү үйл ажиллагааг Богд хааны ордон музей, Усны үндэсний хороо, Туул голын сав газар, Галбарваасан ТББ, Ламын Гэгээн Монгол Сүнчой, Жавзандамба хутагт төв, Буяны чуулган клуб, Like Mongolia-залуусын дуу хоолой зэрэг төрийн болон төрийн бус олон нийтийн байгууллагууд хамтран Богд хааны ордон музейн “Амгалан энхийн хаалга”-ын өмнөх ёслол хүндэтгэлийн талбайд зохион байгуулах юм.
 
Наран ургах цагаар эхлэх тус ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа нь нийслэлчүүдийн ундны усны эх ундарга болсон Хатан туул голын тунгалаг урсгалаас Зайсангийн гүүрийн баруун доод хэсгээс дээжлэн авч эгнэж зогссон 1600-1800 хүмүүс гараас гарт хүндэтгэлтэйгээр дамжуулсаар Богд хааны ордон музейд тахил өргөх усыг хүргэх аж. 
 
Уламжлалт анагаах ухаан, зурхайн ухаанд усанд хор орох, эм орох үеийг тооцон гаргадаг бөгөөд энэ сарын 13-19-нд усанд эм орох өдрүүд тохионо.
Урсгал ус нь рашааны мөн чанартай болох энэ үед “Чандмань эрдэнийн өргөл” усан тахил өргөх зан үйл болж байгааг зохион байгуулагчид нь онцолж байна. 
 
Мөн 21 аймгийн томоохон гол мөрөн, нуур, рашааны дээжийг өргөхөөр зорьж байгаа аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг