sonin.mn
Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, маршал Ю. Цэдэнбалын 100 жилийн ой энэ өдрүүдэд болж байгаа билээ. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан онол-практикийн бага хурлын нээлтэнд оролцлоо.
 
Нээлтийн арга хэмжээний үеэр хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. 
 
Монгол Ардын Намын журмын эрхэм нөхөд өө,
            Тус хуралд хүрэлцэн ирсэн хүндэт эрдэмтэд, судлаачид, оролцогчид оо,
            Та бүхнийхээ амар амгаланг айлтгаж өлзий буяны сайн ерөөлийг өргөн дэвшүүлж буйг минь хмүлээн авна уу.
 
            Өнөөдөр Та бид манай улс, манай намын түүхтэй салшгүй холбоотой нэгэн чухал арга хэмжээнд оролцож байна. Онол-практикийн энэ бага хурал манай монголын төр, засаг, Ардын намыг ээлж дараалан тасралтгүй 44 жил удирдаж улс орон, ард түмэн, намынхаа төлөө бүхий л хүч чадал, эрдэм мэдлэгээ шавхан дайчилж зүтгэж байсан Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан арга хэмжээнүүдийн нэг нь юм.
 
Энэ их хүн монгол түмний үнэнч хүү нь байсан билээ. Тэрвээр Ардын намын анхны долоогийн үүсгэсэн монголын шинэ амьдралыночийг гал болгон дүрэлзүүлж хадгалж байвал зохих голомтыг нь бидэндээ үлдээжээ. Тэр оч, тэр гал, тэр голомтыг унтраахгүй сахих нь эдүгээгийн монголчууд бидний, түүн дотроо МАН-ын чухал үүрэг юм гэж бодож байна.
 
            Юмжаагийн Цэдэнбал бол шинэ монголын шинэ үеийн улс төрийн зүтгэлтнүүдийн мартагдашгүй томоохон төлөөлөл мөн. Ю.Цэдэнбал “тэнгэрээс буугаагүй”, “муу муухайгаас төрөөгүй”, энэ хүн монголын эгэл нэгэн малчны хүүхэд, сурагч байсан, оюутан байсан, багш байсан, нам, төрдөө зүтгэсэн, ийм л жирийн нэгэн монгол хүн болой. Тэгэхдээ түүний бүхий л зүтгэл, бүтээлийн үр дүн  Монгол Улсдаа аугаа ихээр үнэлэгдэхээр үлджээ. Гадаад улсуудад ч хүлээн зөвшөөрөгджээ. Хойч үе бид ийм л үлгэр дууриаллыг дагах ёстой хэмээн санагдана.
 
            Ю.Цэдэнбал дарга улс орныхоо удирдагчийн хувьд хариуцсан нөр их ажлынхаа хажуугаар ямагт суралцаж, аймаг, сум, багуудаар явж ард түмэн, намын гишүүдийнхээ санаа бодлыг сонсож, гадаад улс орнуудын байдлыг нарийвчлан судалж, энэ үндсэн дээр улс орноо жолоодож байжээ. Үүнийг тэр үеийн нь холбогдох жирийн ахмадууд ч хэлдэг. Бас манай нам, төрийн ахмад зүтгэлтнүүдийн хэвлүүлсэн ном бүтээл, дурсамж ярианаас ч энэ нь тодорхой харагддаг юм.
 
            Монгол цэргийн зүтгэлтэн Маршал Ю.Цэдэнбал улс орноо батлан хамгаалах хүчийг боловсон хүчин, зохион байгуулалт, аж ахуй, ёс суртахууны хувьд бэхжүүлэх талаар, бүр 1940-өөд оноос эхлэн, олон талын арга хэмжээ хэрэгжүүлж нэн их зүйлийг бүтээсэн түүхтэй. Маршал Ю.Цэдэнбал Монгол Улсын Батлан хамгаалах зөвлөлийг толгойлж байлаа. Тэрвээр, Монгол Улсын баатар, Маршал зэрэг цол хэргэм хүртэхээс удаа дараа татгалзаж байсан боловч Зөвлөлт-Хятадын харилцаа муудаж Зөвлөлтийн цэрэг монголд байршихаас аргагүй болсон тул маршал цол олгохыг Улс төрийн Товчоонд өөрийн эрхгүй зөвшөөрсөн байна. Манай удирдагч нутагтаа байрласан гадаад цэргийн дарга нараас илүү дээгүүр цолтой байх ёстой нь тодорхой билээ.
 
            Монгол төрийн удирдагч дипломатч Ю.Цэдэнбал Монгол Улсын гадаад бодлогыг зөв гольдролоор хэрэгжүүлэхэд ихээхэн анхаарч байлаа. Зөвлөлт Холбоот Улсын бүрэлдэхүүнд орохгүйгээр Эдийн засгийн харилцан туслалцах Зөвлөлд нэгдсэн социалист орнуудтай хамтран ажиллах, улс орноо НҮБ-д элсүүлэх,  Монгол, Хятадын харилцааг зөөлрүүлэх, Зөвлөлт, Хятадтай нутаг дэвсгэрийн хилээ эцэслэн бататган тогтоох зэрэг олон чухал арга хэмжээ авсан байна.
 
            Академич Ю.Цэдэнбал ард түмнээ бүхэлд нь бичиг үсэгтэй болгох, монголын боловсролын шинэ тогтолцоог бүрдүүлэх, бүх шатны сургууль, шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэжээ. 1942 онд Монгол Улсын Их Сургууль,  1962 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академи байгуулагдав.
 
            Энэ мэтээр олон жишээ баримт хэлнэ гэвэл монголын 44 жилийн түүхийг хураангуйлан дурдахад хүрнэ. Иймд үүгээр хязгаарлаад манай нам, төр Ю.Цэдэнбал даргад ихээхэн итгэл найдвар тавьдаг байсны ганц жишээ хэлье. МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо 1952 оны 7 дугаар сарын 24-нд “Тус улсын ирээдүйн хөгжлийн асуудлууд дээр ажиллахад зориулж нөхөр Ю.Цэдэнбалд долоо хоногт хоёр хоног гаргаж өгөх тухай” /№ 73/145/ тогтоол гарган хэрэгжүүлж байжээ.
 
Тэр тогтоолд “Одоо үед Бүгд Найрамдах Монгол Ард Улсын өмнө аж ахуй-улс төрийн чухал зорилгууд, тухайлбал ардын үйлдвэрлэлийн нэгдлүүдийг аж ахуй-зохион байгуулалтын талаар бэхжүүлэх, мал аж ахуйн талаар авч явуулах арга хэмжээнүүдийг боловсруулах, хоёрдугаар таван жилийн төлөвлөгөөг зохиоход бэлтгэх зорилгууд зогсож байгаа ба түүнчлэн нөхөр Цэдэнбал үндсэн ажлаар маш их байгааг харгалзан үзээд, энэ асуудлууд дээр ажиллахад зориулж нөхөр Цэдэнбалд долоо хоногт хоёр өдрийг тусгаарлан гаргаж өгөх нь зайлшгүй чухал гэж Улс төрийн Товчооноос тогтоов” хэмээжээ.
 
Ийм үүрэг даалгаврыг чухамхүү Ю.Цэдэнбалд оноосон нь оногдсон албан тушаалынх нь  /1952 оны 5 дугаар сарын 7-нд Ерөнхий сайдаар томилогдсон/ төдийгүй, эрдэм чадвар, идэвх зүтгэлийн нь учир шалтгаантай холбоотой байсан нь дамжиггүй ээ. Цаашилбал, үүний дараахан 1952 оны 8 дугаар сарын 7-нд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товоо “Ардын нэгдлүүдийг аж ахуй, зохион байгуулалтын талаар бэхжүүлэх явдалд Шинжлэх Ухааны Хүрээлэнг татан оролцуулах тухай” гэсэн тогтоол гаргажээ. Энэ нь нам, төрийн бодлого шинжлэх ухаанд тулгуурлах ёстой хэмээн Ю.Цэдэнбал үзэж байсны бас нэгэн чухал баримт юм.
 
            Ю.Цэдэнбал Монгол Улсдаа шинжлэх ухаан, боловсролын салбарыг нийгмийн амьдралын бусад бүх салбаруудтай нягт уялдуулан зохицуулах бодлого явуулан хэрэгжүүлж байжээ. Үүнийг тэр үеийн намын бүх баримт бичгүүдээс, түүний өөрийнх нь хэлсэн үг, илтгэлүүдээс тодорхой мэдэж болно. Энд аливаа иш таталт хэрэггүй бизээ, зөвхөн МАХН /одоогийн МАН/-ын IV Программыг хэлэхэд л хангалттай.
 
            Эцэст нь тэмдэглэхэд, Ю.Цэдэнбал гуайг шүүмжлэгчид тухайн үед нь гарч байжээ, одоо ч үргэлжлэх гээд буй бололтой. Хүнийг ямагт хянаж өөлөөд байвал баримттай ч, баримтгүй ч дутагдал олдох нь гарцаагүй. “Яахав, Наран дээрх толбыг олж харж гэнээ, гэтэл цацраг нь ямрыг тоолон тооцож чадсан уу!” гэсэн үг байдгийг л бид энд бодож явах нь зүйтэй бизээ.
 
            Эрхэм нөхөд өө, Монгол Улсынхаа төлөө эрхэмлэн зүтгэсэн их хүмүүс маань бүү мартагдаг!.
            Хурлын ажиллагаанд амжилт хүсье.
            Баярлалаа.
 
           2016.09.15