sonin.mn
Их сунгаа гэдэг маань тэр жилийн хурдан морины уралдааны, бүр баяр наадмын өнгө төрхийг тодорхойлдог гэж ахмадууд ярьдаг л даа. Ирэх дөрвөн жилийн өнгө төрхийг тодорхойлох улс төрийн их сунгаа буюу төсвийн тодотгол гэх “жонхуу”-г УИХ-аар хэлэлцэж дууслаа.
 
Хүмүүс: М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Б.Чойжилсүрэн гурвын санаачлаад УИХ-ын ээлжит бус чуулганд оруулж ирж байгаа төсвийн тодотголын байгаа царайг! хэмээн их л бухимдангуй байна. Эрх баригчдын үгнийх нь өнгөн дээр л “түрүүчийн парламент, Засгийн газруудын алдааг засч байгаа” гэх тодотгол.  Тэгвэл түрүүчийн дөрвөн жилд энэ гурван хүн хамгийн их эрх мэдэлтэй, тухайлбал М.Энхболд нь УИХ-ын дэд дарга, Ж.Эрдэнэбат нь Сангийн сайд, Б.Чойжилсүрэн нь УИХ-ын гишүүн байгаа бизд ээ. Тэнд юу харж, юу хийж суув аа?!
 
Тэгвэл өнөөдөр олигархиудын эрх ашгийг хамгаалсан ачааны хүндийг жирийн ард түмэндээ үүрүүлсэн төсвийн тодотгол гэгч юм оруулж ирж байх юм. Хэдэн баримт авъя.
 
-Төрийн өндөр дээд албан тушаалтны цалинг 60 хувь хүртэл хасахаар оруулж ирлээ.
 
Энэ бол болж байна. Нэг сонин зүйл ажиглагдсан. Монголд, сардаа гучин сая (30.000.000) төгрөгийн цалин авдаг хүмүүс илэрлээ. Өөрөөр хэлбэл тэд жирийн ажилчин 60-80 хүний цалинг ганцаараа авчихдаг байх нь. Ийм нөхцөлд улс орон яаж хөгжиж, ард түмний амьдрал яаж сайжрах вэ дээ. Овоо зөв эхлэх нь дээ гэтэл мань хүмүүс нөгөө заалтаа татаад авчихлаа. Юу болсон бэ гэсэн чинь өнөөх 30 саяын цалингууд нь дан өөрсдийнх нь танил тал, хамаатан садан, ойр дотных нь хүмүүс байсан учраас бушуухан татах нь тэр.
 
Түүнийгээ хэдэн овоо цалинтай уурхайчид руугаа бухаж бултахаа ч мартсангүй. Цалин хасах гэсэн эхний оролдлого ингээд бүтэлгүйтэж байгаа. Төсвийн тодотголд оруулж ирсэн нэг ноцтой зүйл нь найман төрлийн татвар нэмэх. Ард түмний амин чухал найман төрлийн татварыг нэмчихье гэдэг санаа, энэ гурваас бусад хүний ухаанд орж ирнэ гэж үү? Дээр нь торгууль! Ер нь монголчууд хөдлөх бүрдээ торгуулах юм байх аа. Ахмадууд ярьж байна. “Жамбалдоржийн хар хуулиар ч ийм торгууль оногдуулж байгаагүй” гэх. Зөвхөн автомашины торгуулиас дөрвөн тэрбум төгрөгийг төсвийн орлогод тусгаж байх юм. Торгуульд заавал биелүүлэх төлөвлөгөө гэж байдаг юм уу. Жолооч нар хэрэг зөрчил гаргахгүй болчихвол яах юм? Торгуулийн төлөвлөгөө биелүүлнэ гээд зүгээр явахад нь торгоод байх уу?! Энэ чинь өнөө л айхтар цуст хэлмэгдүүлэлтийн үеийг санагдуулж байна. Баривчлах хүнийхээ тоог гүйцээнэ гээд малаа хариулж явсан хүнийг аваачаад буудчихсан байдаг юм. Торгуулиар хэдэн жолоочоо “буудах” болж байна уу.
 
Ер нь, мухлагийн бараагаа зөөх гэж, хүүхдээ сургуульд хүргэж өгөх гэж, өвчтэй хүнээ эмнэлэгт хүргэх гэж хэдэн “дөрвөн дугуйт” оруулж ирсэн нь ямар буруутай юм. Э.Бат-Үүлийн жолооч нарт зарласан “дайныг”, одоо энэ хэдэн хүн, улам харгис байдлаар үргэжлүүлж болно гэж үү.
 
Татвар нэмэх асуудлыг олон нийтийн шахалт шаардлагаар түр хойш нь тавилаа. Ард түмэнд сайндаа ч биш. Орон нутгийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө нэрээ бодож байгаа нь энэ. Магадгүй, ирэх оны долдугаар сарын 1-нээс найм биш, наян татвар нэмэхийг ч байг гэх газаргүй л хүмүүс дээ.
 
Энэ бүхний цаана ямар санаа нуугдаж байсныг манай ард түмэн төвөггүйхэн ойлголоо. Өрийн таазыг нэмэгдүүлж, их өр тавих явдал. Өрийн тааз 58 хувь байсныг суга үсэргэж 88 хувь болголоо. Зарим эдийн засагчийн үзэж байгаагаар энэ нь 4-5 тэрбум ам. доллар зээлэх хэмжээний босго гэнэ. Одоо манайд Чингис бонд шиг бага хүүтэй зээл олгох газар хаана ч байхгүй. Асар өндөр хүүтэй зээл авч  ард түмэндээ үнэртүүлээд өөрсдөө хувааж авна гэсэн үг. Миний хэлсэн гашуун үнэнд эрхмүүд минь битгий эмзэглээрэй. Түрүүчийн Засгийн газруудын авсан зээлийг та нар шүүмжлээд л байсан, тэгсэн чинь хуваагаад цохьчихсон байна шүү дээ. Зөвхөн Чингис бондоос гэхэд л УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан 385 тэрбум, Н.Номтойбаяр 110 тэрбум, Ц.Гарамжав 122 тэрбум, Ж.Энхбаяр 14 тэрбум гэхчлэн зээл нэрээр олон тэрбум төгрөг хувааж авсан хүмүүс өнөөдөр УИХ-д тухлаад суучихсан байгаа. Ардчилсан намаас гэхэд л өнөөх УИХ дахь олонхийн бүлгийн дарга гээд байсан Б.Гарамгайбаатар гурав, дөрвөн удаагийн байдлаар олон тэрбум төгрөг авсан байх жишээтэй. Энэ нөхөр зам барих нэрийдлээр Хэнтийн замыг яаж “гурилдлаа” даа. Хүмүүс гайхаж байна. Бидэнд сэжүүрээс нь ч баригддаггүй энэ их мөнгийг аваад, дундаас нь хэдий юм унагаадаг юм бол гэж. Энэ хүмүүс их зээл аваад Монголд хэрэгтэй, ард түмэндээ хэрэгтэй юу хийчихсэн юм. Засгийн газрын ачаанаас одоо яаж үүрэлцэж байгаа юм гэж асуух эрхтэй. Одоо эрх баригчид хэрэглэж л болдог бүх заль мэхээ хэрэглэж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат “Түрүүчийн Засгийн газруудын үед өрийн тааз 80 гаруй хувьтай болсныг нууж байсан байна” гэх. Хамтарсан Засгийн газрын үед, одоогийн энэ Ж.Эрдэнэбат чинь Сангийн сайд байгаа биз дээ?! Өрийн тааз ямар байгаагаа мэддэггүй Сангийн сайд байдаг юм уу. Идэх болохоороо сэмхэн хуваагаад идчихдэг, илрэхээрээ нэг нэг рүүгээ чихдэг, энэ нэг муухай арга барил чинь хорин хэдэн жил үргэлжиллээ. Одоо боливол яасан юм. Үнэн л юм бол гадаадаас авсан их өрөө нуун дарагдуулж, хувааж завшсан этгээдүүдийг ил болгож, хариуцлага тооц л доо.
 
Хүмүүс гадуур шуугиж эхэллээ. МАН-ын удирдлагууд өрийн таазыг өсгөж байгаад Хятадаас их хэмжээний зээл авч “гал унтраах”-д бэлэн болоод байгаа гэх. Зарим нь Олон улсын валютын сангаас улсаа барьцаалан зээл авна ч гэх шиг. Бас зарим эх сурвалж: Тавантолгойн орд газраа тэр чигт нь БНХАУ-д 60 тэрбум ам. доллараар өгөх байснаа 50 тэрбум ам доллараар өгөх болсон. Түүний урьдчилгаа 4-5 тэрбум ам доллар удахгүй орж ирнэ гэсэн яриа ч байна. Зарим эх сурвалж “Стэнд бай” хөтөлбөрийг нууцаар хэрэгжүүлж эхэлсэн гэх юутай ч болсон харж л байя. Эд нар том “нүгэл” хийхээс буцахгүй хүмүүс.
 
УИХ-ын ээлжит бус чуулганаар шийдсэн нөгөө нэг гол асуудал нь Эрүүгийн болон зөрчлийн багц хуулийг эргүүлж татах явдал байв. Эрүүл ухаантай ямар ч хүн ойлгохоор нэг бүдүүлэг алхам хийж байх юм. М.Энхболд Ерөнхийлөгч болохын тулд нөгөө муу Н.Энхбаярыгаа замаасаа зайлуулж өөрсдөө баталчихсан хуулиа тогтоолоор өөрчлөн 500 орчим хүний хувь заяаг хохироочихлоо гэж хэн чиг л ойлгож байгаа шүү дээ. Одоо бол М.Энхболд болон түүнийг даган баясагчдын толгойд ганцхан, Ерөнхийлөгчийн сонгууль бодогдон, зүүдлэгдэж яваа нь нууц биш. М.Энхболдод би олон удаа сануулж, бичиж байсан даа. Жаахан шорвогхон л хэлчихдэг байх. Миний хүүхдүүдтэй нэг довон дээр өсч өндийсөнийх нь хувьд, аав ээжтэй нь гэмгүй сайхан явсны хувьд сануулж хэлдэг юм. Даанч, хүний үг, тэр дундаа ахмад хүний үгийг авдаггүй хүн л дээ. Одоо би сүүлийн удаа хэлчихье. “Олон хүнийг хохироож, дэндүү шунаж хүрсэн эрх мэдэл, ердөө үр дүнд хүрч байгаагүй” гэж! Яахав дээ  Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёр чаддагаараа л гэж ганц муу Н.Энхбаярыг “хавсайдаад” байж?!  Цаана нь, Монголыг гэр бүл хамаатан саднаараа “нүүлгээд явчихсан” өдий төдий хүн байхад Н.Энхбаяртайгаа ноцолдоод тун чухал байх нь юу л болдоо?!   Оффшор бүсэд Монголын хөрөнгийн тал хувийг нуучихаад байгаа энэ хоёр намын толгой талын “хувалз”-нуудаас хөрөнгөө салгаж ав л даа. В.Путин хоёр жилийн өмнө төрийн өндөр дээд албан тушаалтнуудынхаа гадаадад нуусан хөрөнгийг хугацаа заагаад оруулж ирсэн. Тоймгүй их валют орж ирсэн гэдэг. Саяхан БНХАУ-ын дарга Си Жин Пинь гадаадад хөрөнгө нууж байсан 2000 хүнийг хөрөнгөтэй нь барьж ирсэн байна билээ. Тэгэхээр, манайх л гэж хоёр намын толгой талын олигархиудтайгаа тэмцэхгүй жижиг жараахайнуудтай ноцолдоод байж болдог юмуу?! Эцсийн бүлэгт оффшорын тухай хууль гаргах гэнэ. Тэндэх хөрөнгийг бүхэлд нь татахгүй, тэр мөнгө нь томчуулын аль нэг ах дүү хамаатан садан, гэр бүлийн нэр дээр байвал толгойг нь илээд өнгөрөх юм байна л даа.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маань зарим зүйлийг “зөвшөөрөхгүй”, зарим зүйлд “хориг тавьсан” дүр эсгэж байгаа. Цаадуул нь ч “Тэгж л байдаг юм” гэсэн шиг огт тоосонгүй. Ц.Элбэгдорж, М.Энхболд хоёрын, дээр үеийн түншийг монголчууд мэднэ. Одоо бол Ерөнхийлөгч маань халаагаа М.Энхболддоо өгөхөөр хатуу шийдсэн шиг байна. М.Энхболд чинь хатуурхвал хатуурхах хүн шүү дээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн маргааш, оймстой хоёр богинохон хөл гозолзуулаад аваад явчихыг байг гэхгүй л болов уу. Тийм үндэслэл ч байгаа юм чинь!
 
Америкийн ялтныг хууль бусаар уучилж, татварын 35 тэрбум төгрөгөөрөө “бэлэг” өгөөд явуулчихсан гээд л эхэлнэ шүүдээ. Цаашилбал Ц.Элбэгдорж П.Цагаан, М.Батчимэг нар Ерөнхийлөгчийн Тамгын газартаа тагнуул орогнуулж байсан. Тагнуул нь арван хэдэн жилээр таслагдаад явж байхад энэ гурав ял янгагүй үлдсэн гээд л нэмнэ. Дээр дээрээсээ их зүйл гарч ирж мэдэх л юм. Саяхан С.Зоригийн хэрэгт холбогдуулан зарим хүнийг яллагдагчаар татаж. Зарим нь хориотой байж байгаа. С.Зоригийн алагдах үед тагнуул, цагдаагийн байгууллагаа зангидаж атгасан Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч байсан хүний хувьд Ц.Элбэгдорж зүгээр өнгөрнө гэж үү?!
 
Ер нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найман жилийн амлалт бараг биелээгүй. Монголд шудрага ёс тогтсонгүй, эв нэгдэл бэхжсэнгүй, улс орон дампуурлын ирмэгт, ард түмэн өлсгөлөн гуйланчлалд нэрвэгдсэн...гээд буруутгахад Ерөнхийлөгч маань бултах газаргүй. Тэгээд л ялсан намд, намын дарга М.Энхболдод ая тал засч эхлэлээ хэмээн гадуур шуугиж байна. “Цахиагийн хүү сонгуулийн дараа МАН-д элсэх байхаа” гэсэн хошин яриа ч чих дэлсэж л байх юм. Бас ортой ч юм шиг. Улсын Их Хурал бүтэц бүрэлдэхүүнээ  хэлэлцээгүй, Засгийн газар байгуулагдаагүй байхад М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёр анхны томилолтоороо  АТГ-ын даргын томилгоог аваад ирж байгаа юм. Ажил албаны уялдаа холбоо гэж байдаг. Бэлгэ дэмбэрэл ёс жаяг ч гэж эрхэм зүйл бий. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БХЯ-ны сайдаар томилогдоод байгаа хурандаа Б.Бат-Эрдэнэдээ генерал цол өгөөгүй байж, Авлигатай тэмцэх газрын даргад энэ өндөр дээд цол хэргэмийг хүртээж байгаа нь, нэг юм хэлээд байгаа биз. Учир мэдэх ахмадууд бол сэжиглэж л байна билээ.
 
Ээлжит бус чуулган буюу “Уяачдын” засгийн газрын их сунгаа, улс орон, ард түмэнд хэрэгтэй зүйлээр чих мялаасангүй. Олон түмэн бол “бид ийм мэдлэг мэргэжилтэй, санаа бодолтой хүмүүсээр удирдуулж яаж дөрвөн жилийг авна даа” гэсэн гутрангуй бодолтой байна. Хүмүүс “Та нар гол асуудлаасаа битгий тойрч зугтаагаад байлдаа. Хэнд ч хэрэггүй зардал чинь дэндлээ” гэж байна. “Ухаалаг цагдаа” гэж хөтөлбөрөөр 2500 хүнийг цалинжуулж хэв журам сахиулж байна гэнэ. “Ухаан муутай” цагдаа нар нь юу хийх болж байна? Монгол чинь олон мянган цагдаатай, тэдний нэлээд хэсэг нь ажил хийхгүй, олон түмний дунд орохгүй байгаа юм. Надад хангалттай баримт бий учраас би ингэж бичиж байгаа.
 
Хотын удирдлагаасаа эхлээд дэндүү ядмаг сэтгэх юм даа. Хэдэн автобусны буудлыг нааш цааш нь болгож, хэдэн ТҮЦ-ийг томсгож, жижигрүүлж “тоглох”, талбайн нэрийг өөрчлөхөөс өөр юу хийж байгаа юм?!  Хотын төв хэсгээр дарга нарын танилынхны барилга байшин, хашаа хамар баригдсаар машин байтугай, явган хүн явах газаргүй боллоо. Юуны өмнө, машины зогсоол, зам талбай гарга л даа. Хотын захын гэр хорооллуудыг гэрэл гэгээтэй, цэвэр үзэмжтэй, хүний аюулгүй нөхцлийг хангахаар тохижуулмаар байна. Тэгсэн чинь олон тэрбум төгрөг зарж, нохойг үр төлгүй болгоно ч гэх шиг. Дэмий мөнгө үрэх болохоороо их мөнгөтэй юм шиг, хэрэгтэй зүйлд хувхай амлаад л, ядарсан ч Засгийн газар юм даа. Нэг л муу явган зальтай, яаж дөрвөн жилийг барна даа гэцгээж байна.
 
Гадаад улс орнууд эдийн засгийн талаар ядрахаар нь том баячууд нь туслаад, өргөөд гаргачихдаг юм билээ. Манайд, 30-100 тэрбум төгрөгийн хадгаламжтай 200-300 хүн байдаг юм гэнэ. Гадаад хадгаламжийг нь нэмбэл аманд багтахгүй тоо гарна л даа. Засгийн газар ийм хүмүүстэйгээ тулж ажиллавал яасан юм. Сэтгэл гаргавал Монголыг сэвхийтэл босгоод ирнэ л дээ. Ер нь яаран өр тавих бодлого барьсанд орвол дотроосоо хөрөнгө босгох нь зүйтэй гэж тулхтай хүмүүс санал тавиад байгаа юм.
 
Манай намын “уяачид” улстөрд нэг л явахгүй нь бололтой. Ер нь тэгээд нам төрийн толгойд олон жил бугшсан, одоо байгаа мафийн сүлжээ, олигархиудын бүлэглэлийг тас цохихгүйгээр Монгол Улс хөгжихгүй юм байна. Монголын ард түмэн сайн сайхныг үзэхгүй юм байна. 
 
Г.Жамьян
 
/МАН-ын 19964 оны гишүүн,
Монгол Улсын Соёлын гавьяат
зүтгэлтэн, сэтгүүлч/