sonin.mn
Манай хойд их хөрш ОХУ-ын Алс дорнодын хязгаарын Камчатк, Чукоткийн автономит мужаас эхлэн тус улсын долоо дахь удаагийн парламент буюу Төрийн думын сонгууль эхэлжээ.
 
ОХУ-ын Төрийн дум нийт 450 гишүүнтэй, үүнээс холимог зарчмаар явагдаж буй одоогийн сонгуулиар 225 гишүүнийг намын томилгоогоор (пропорционал), 225 гишүүнийг нэг мандатын тойргуудаас (мажоритар) сонгох билээ.
 
ОХУ даяар 97 мянган сонгуулийн хороо ажиллаж байгаагаас гадна дэлхийн 145 орон ард иргэддээ зориулан 372 сонгуулийн хороо нээжээ.
 
ОХУ-д сонгуулийг хүчин төгөлдөрт тооцох сонгогчдын ирцийн доод хязгаар байхгүй бөгөөд 2011 оны арванхоёрдугаар сард болсон Төрийн думын өмнөх сонгуульд тус улсын насанд хүрсэн иргэдийн 60.21 хувь саналаа өгсөн байдаг.
 
ОХУ-ын алс уудам нутгийн зүүн хязгаар Камчатк, Чукоткоос эхэлсэн сонгууль бүтэн өдөр үргэлжлэн Калининградын мужид дуусах ажээ.
 
Гэхдээ тус улсын зарим иргэдийн хувьд сонгууль аль эрт эхэлсэн байна. Өнгөрсөн наймдугаар сарын 28-нд ОХУ-ын алслагдсан, очиход бэрх нутгууд, хойд туйлд ажиллагсад саналаа урьдчилан өгчээ. Тэдний дотор байгалийн гамшигт автсан Приморийн хязгаарын оршин суугчид болон Сирид алба хашиж буй цэргийнхэн байгаа юм.
 
Сонгуульд ОХУ-ын 111 сая 600 мянган хүн санал өгөх эрхтэй бөгөөд дэлхийн хамгийн том хязгаар нутагт парламентын гишүүдээ сонгох юм байна. Энэ удаагийн сонгуульд 2014 онд ОХУ-ын бүрэлдэхүүнд орсон Крым, Севастополийн иргэд анх удаа оролцох юм.
 
Ажиглагчдын үзэж буйгаар, энэ удаагийн сонгуульд тус улсын Ерөнхийлөгч В.Путиний “Единая Россия” нам үнэмлэхүй ялалт байгуулах төлөвтэй.
 
Б.Барс
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин