sonin.mn
МЕХИКО./TASS/. Газрын тос экспортлогч орнууд үнийг тогтворжуулах хэлэлцээрт гарын үсэг зурахад тун ойрхон байна гэж Венесуэль улсын Ерөнхийлөгч Николас Мадуро "Венесолана де телевисьон" телевизийн сувгаар шууд дамжуулсан хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдлээ.
 
“ОПЕК-ын гишүүн болон гишүүн бус орнуудтай тохиролцоонд хүрэхэд тун ойртлоо, энэ сардаа багтаад үнэ тогтворжуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурах боломжтой” гэж тэрбээр Венесуэлийн Маргарита аралд болсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний Дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн талаар ярихдаа хэлжээ.
 
“Миний бие Ираны Ерөнхийлөгч Хасан Рухани, Эквадорын Ерөнхийлөгч Рафаэль Корреа нарын зэрэг манай гол түншүүдтэй уулзалт хийлээ. Ерөнхийлөгч Рухани мэдэгдэхдээ, Иран улс нефтийн зах зээлийг тогворжуулахад хувь нэмрээ оруулна гэдгээ амласан” гэж Венесуэлийн төрийн тэргүүн ярьсан байна.  
 
Энэ сарын 26-28-нд Алжир улсад Олон улсын Эрчим хүчний чуулга уулзалт болох бөгөөд энэ үеэр нефть экспортлогч орнууд олборлолтыг бууруулах асуудлаар хэлэлцээ хийх бололтой байна. Өмнө нь 4 дүгээр сард Дохад болсон уулзалтад Иран улс оролцохоос татгалзсан учраас үнэ тогтворжуулах талаар тохиролцоонд хүрч чадаагүй байна.
 
Д.Нямтулга  
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг