sonin.mn
МОГАДИШО. /VOA/.  Сомалийн нийслэл Могадишо хотод ням гарагт болсон дэлбэрэлтийн улмаас тус улсын цэргийн өндөр албан тушаалтан амь үрэгджээ.
 
Тус  хот дахь Сомалийн Батлан хамгаалах яамны байрны төв хаалганы дэргэд “Гүүбаале” нэрээрээ олны танил болсон генерал Мухамед Робл болон түүний зургаан бие хамгаалагчдын сууж явсан машины цуваа руу тэсрэх бодис ачсан автомашин ирж мөргөсний улмаас дэлбэрэлт болсон тухай Могадишо хотын захиргааны хэвлэлийн төлөөлөгч Абдифитах Омар Халане мэдэгдсэн байна.
 
“Аль-Шабааб”  бүлэглэл энэхүү халдлагын хариуцлагыг өөртөө хүлээжээ.
 
Генерал М. Робл Сомалийн армийн 3 дугаар батальоны захирагч байсан бөгөөд Сомалийн террорист бүлэглэлийн эсрэг цэргийн ажиллагааг удирдаж байсан юм.
 
“Аль-Шабааб” бүлэглэл 2011 онд Африкийн энхийг сахиулах хүчний дайралтад түрэгдэн Могадишо хотоос гарсан хэдий ч барууны орнуудын дэмжлэгийг хүлээж буй Сомалийн засгийн газрыг түлхэн унагахын тулд байнга дайралт халдлага үйлдсээр байна.  
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг