sonin.mn
Нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил 87.6 хувьтай байгаа талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр өнөөдөр болсон Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулав.
 
Инженерийн хангамжийн байгууллагуудын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэлийн хувьд “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК 100 хувь хангасан бол Нийслэлийн тээврийн газар 69.2 хувьтай буюу хамгийн бага хувийн биелэлттэй байгаа юм. Мөн цахилгаан станцуудын бэлтгэл ажил нийтдээ 81.6 хувьтай байгаа аж. Улаанбаатар хотын хэмжээнд нийт 2059 орон сууцны барилга халаалт авахаас энэ сарын 15-ны байдлаар 1720 барилгад халаалт өгчээ. Мөн 65 цэцэрлэгээс 52 цэцэрлэгт, 124 сургуулиас 107 сургууль, 13 эмнэлэгт халаалт өгсөн байна.
 
Өвлийн улиралд халтиргаа гулгааг арилгах зорилгоор 542,1 тонн давс, 639,3 тонн зориулалтын бодис нөөцөлжээ. Төв цэвэрлэх байгууламжийн хувьд лагийн боловсруулалт сайжруулах, үнэр арилгах ажил 70 хувь, технологийн үйл ажиллагааг дэмжих засвар шинэчлэлтийн 22 ажлын гүйцэтгэл 68 хувь, Туул голын хөрсний бохирдол бууруулах чиглэлийн 3 ажил 100 хувийн биелэлттэй хангагдсан хэмээв.
 
Хурлын төгсгөлд Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Өвөлжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангаж, дутуу хэрэгжилттэй ажлуудыг яаралтай дуусгах шаардлагатай. Үүсч болзошгүй гэмтэл, хүндрэлтэй асуудлыг тухай бүр яаралтай шийдвэрлэж, дээд шатны удирдлагад мэдээлэх нь зөв” хэмээв.
 
Ч.Ариунболд
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг