sonin.mn
МОНРЕАЛЬ. /Anadolu/. 2030 он гэхэд ДОХ, сүрьеэ, хумхаа зэрэг өвчнөөр шаналж буй хүмүүсийн тоог эрс бууруулах зорилго бүхий кампанит ажиллагаанд оролцох хүсэлтэй олон улсын хандивлагч нарын тусламжтайгаар "Глобал Сан" /Global Fund/ дээрх өвчнүүдийн эсрэг тэмцэх 12 тэрбум доллар босгож чадлаа гэж зохион байгуулагчид бямба гарагт мэдээлжээ.
 
2017 оноос эхлэх дараагийн гурван жилийн үйл ажиллагааг дэмжих хандивлагчдын чуулга уулзалт Монреаль хотод болж байгаа бөгөөд энэ үеэр "Глобал сан" нь 13 тэрбум долларын хандив өргөхийг уриалжээ. Уг арга хэмжээнд хэд хэдэн орны төрийн тэргүүн нар болон “Microsoft” корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс, дуучин Боно нар оролцжээ.
 
“Бид ирэх жилүүдэд найман сая хүний амь насыг аврах болно” гэж Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо тус хуралд оролцсоныхоо дараа сэтгүүлчдэд ярьжээ.
Дээрх гурван өвчинтэй тэмцэх зорилго бүхий дэлхийн хамгийн том сан болох Глобал сан нь 2002 онд байгуулагдсанаасаа хойш 20 сая хүний амийг аварсан гэж үздэг.
“ДОХ, сүрьеэ, хумхаа зэрэг өвчнийг 2030 он гэхэд устгаж чадах хэмжээний мэдлэг, тоног төхөөрөмж бидэнд бий. Гэхдээ бид энэ зорилтод хүрэхийн тулд хөрөнгө оруулалтыг ухаалгаар зарцуулах хэрэгтэй” гэж тус сангийн гүйцэтгэх захирал Марк Дибюл ярьж байна.
 
Тус сангийн хамгийн том хандивлагч болох АНУ 2019 он хүртэлх хугацаанд нийт 4.3 тэрбум долларын хандив өгөхөө энэ оны 8 дугаар сард амласан билээ. Одоо энэ мөнгийг Конгресс батлах л үлджээ.
 
ДОХ, сүрьеэ болон хумхаа өвчний улмаас дэлхий  дээр өдөрт 8000 хүн нас бардаг гэсэн судалгаа бий.
 
 
Х.Сарнай

Эх сурвалж: “Монцамэ” агентлаг