sonin.mn
Монголын Улсын Үндэсний номын сангийн даргаар “Болор цом” наадмын хоёр удаагийн шагналт, яруу найрагч Б.Ичинхорлоо томилогджээ.
 
Төв номын санг өмнө нь А.Нансалмаа удирдаж байсан бөгөөд яруу найрагч, зохиолчдоос МУСГ зүтгэлтэн, орчуулагч  Г.Аким, МУСГ зүтгэлтэн, яруу найрагч Х.Чилаажав нар удирдаж байсан түүхтэй.
 
95 жилийн түүхтэй Үндэсний номын сан нь гурван сая гаруй ном хэвлэлтэй Монгол Улсын хамгийн том номын сан юм. 1921 онд судар бичгийн хүрээлэн нээгдэж, дэргэд нь “Уншлагын газар” нэртэйгээр анх байгуулагдаж байжээ. Тухайн үеийн сэхээтнүүд олон тооны ном хандивлаж, 2,000 орчим номтойгоор номын сан хөмрөг нээгдсэн бөгөөд үүнээс хойш 30 жилийн дараа буюу 1951 онд одоогийн номын сангийн барилга ашиглалтад орж байжээ.
 
Одоогоор таван хэлтэс, 90 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж буй тус номын санд дэлхийн хэмжээнд хадгалагдаж буй 160 баримтат цаасан өвүүдийн 34 нь хадгалагдаж байна. Мөн гадаадын 110 орчим номын сантай харилцаатай ажиллаж байгаа бөгөөд гадаадын номын сантай мэдээлэл солилцох Коха хэмээх программыг энэ онд нээсэн юм. 
 
Н.Туяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг