sonin.mn
Уйланхайт бэтэг өвчний хяналт тандалт, оношилгоо, эмчилгээний олон улсад хэрэглэж буй аргуудыг Монгол Улсад хэрэгжүүлэхэд холбогдох салбарын оролцоо, чиг хандлагыг тогтоон өвчний менежментийг сайжруулах уулзалт зөвлөгөөнийг ЗӨСҮТ, Монголын Хэт авиан оношилгооны нийгэмлэг хамтран сарын 16,17-нд зохион байгууллаа.
 
ДЭМБ-ын суурин төлөөлөгч Су Нюунт У нээлтийн үгэндээ тус зөвлөгөөнийг цагаа олсон чухал арга хэмжээ болсныг үнэлээд ДЭМБ-аас хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүд болон бусад хөтөлбөртэй уялдсан салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах шаардлагатайг онцлон тэмдэглэв.
 
Тус зөвлөгөөнд  “Уйланхайт бэтэг өвчний хяналт тандалт, тусламж үйлчилгээг сайжруулах нь”, “Боломж ба бэрхшээл”, “Бэтэг өвчний талаар Монголд хийж буй судалгаа шинжилгээний ажлууд”, “Уйланхайт бэтэг өвчний тандалт, эмнэлзүйн тусламж үйлчилгээг сайжруулах нь”, “Цаашдын чиглэл”, “Тандалт ба эмнэлзүйн тусламж үйлчилгээний удирдамж” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн юм. Зөвлөгөөнд нийт 21 аймаг, нийслэлийн ЭМГ, БОЭТ, НЭ, ЗӨСТ-өөс нийт 80 гаруй тархвар судлагч, хэт авиан оношилгооны эмч, эрдэмтэд хамрав.
 
Энэхүү уулзалт зөвлөгөөний хүрээнд 18,19-нд Өмнөговь аймгийн ЭМГ, БОЭТ, НЭ, ЗӨСТ-ийн болон сумдын тархвар судлагч, хэт авиан оношилгооны эмч нарт сургалт зохион байгуулж байгаа аж.
 
Ж.Болор
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг