sonin.mn
Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Л.Болд, Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн гишүүн Ц.Даваасүрэн нар өнөөдөр /2016.09.19/ Бүгд Найрамдах Франц Улсын парламентын Сенатын танхимын гишүүн, Сенатын танхим дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Франсуа Пие,  Сенатын танхимын гишүүн Филип Мүие нарыг хүлээн авч уулзав. 
 
Ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан Монгол Улсын Их Хурал дахь парламентын шинэ бүлгийн анхны зочид нь Бүгд Найрамдах Франц Улсын парламентын Сенатын танхимын гишүүд болж буйг уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн Л.Болд онцолсон юм. Мөн тэрээр өргөн цар хүрээтэй энэ удаагийн айлчлал нь найрсаг харилцаа, олон талт хамтын ажиллагаагаа хөгжүүлж буй манай хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлэг нь 21 гишүүнтэй, өргөн бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулагдсан бөгөөд үр дүнтэй хамтран ажиллах зорилгоор идэвхтэй үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байгаа талаар танилцуулав. Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын харилцаа бүхий л салбарт идэвхтэй хөгжиж байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Болд хэлээд “Цаашид эдийн засгийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны шинэ эрин үеийг нээх чиглэлээр хүчин чармайлт гарган ажиллах болно” гэв. 
 
Бүгд Найрамдах Франц Улсын парламентын Сенатын танхимын гишүүн, Сенатын танхим дахь Франц-Монголын парламентын бүлгийн дарга Франсуа Пие, Улсын Их Хурлын гишүүдийг цаг гарган хүлээн авч уулзсанд талархал илэрхийллээ. Тэрээр “Франц-Монголын парламентын бүлэг бол Сенатын танхимд чухалд тооцогддог, энэ удаагийн айлчлалын бүрэлдэхүүнд манай бүлгийн шинэ гишүүн Филип Мүие багтсан. Манай бүлэг хоёр орны хооронд хийгдсэн болон хийгдэж буй хэлэлцээ, яриа, хэлэлцээрүүдийн явцыг түргэтгэхэд нөлөө үзүүлэх, хамтын ажиллагааг идэвхжүүлэх бодлого баримталж ажилладаг.
 
Өргөн хүрээнд хамтран ажилладаг Франц, Монгол орны хамтын ажиллагааны илрэл болсон нэгэн үйл явдалд бид оролцоод ирлээ. Улаанбаатар дахь олон улсын Франц сургуулийн нээлтэд бид оролцсон бөгөөд энэ нь хоёр улсын найрсаг харилцааг ирээдүй, хойч үедээ өвлүүлж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна” гэлээ. Ноён  Франсуа Пие, хоёр орны парламент хоорондын хамтын ажиллагаа идэвхтэй байх нь чухал ач холбогдолтой болохыг тэмдэглээд Улсын Их Хурал дахь Монгол-Францын парламентын бүлгийн дарга Л.Болдыг бүлгийн бусад гишүүний хамтаар ойрын хугацаанд Сенатын танхимд зочлохыг урилаа. 
 
Үргэлжлүүлэн талууд соёл, боловсрол, мэдээлэл технологи, уул уурхайн салбарын  хамтын ажиллагаа болон Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын хамтран хэрэгжүүлж буй томоохон төсөл, хөтөлбөрүүдийн талаар харилцан ярилцав. Уулзалтад  Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Барсак болон албан бусад хүмүүс байлцлаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.