sonin.mn
Оросын Холбооны улсад энэ сарын 18-нд болсон Төрийн думын сонгуульд эрх баригч “Нэгдмэл Орос” нам дахин ялалт байгуулсан байна. ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев “Нэгдмэл Орос” нам сонгуульд ялалт байгуулсныг мэдэгдээд “Манай нам Төрийн думд олон суудал авах болно.
 
Яг хэдэн суудал авах нь саналыг бүрэн тоолж дууссаны дараа тодорхой болно” гэжээ.
 
Энэ удаагийн Оросын Төрийн думын сонгууль ямар нэгэн дуулиан шуугиангүй өнгөрөв. Харин сонгогчдын оролцоо маш бага 47  орчим хувьтай байв. Нийт саналын хуудасны 70 орчим хувийг тоолсны дараа эрх баригч “Нэгдмэл Орос”  нам 54 хувийн санал авч тэргүүлж байна. Энэ тухай Оросын Сонгуулийн ерөнхий хороо есдүгээр сарын 19-нд мэдээлжээ. Ингэснээр “Нэгдмэл Орос” нам Төрийн дум дахь 450 суудлын 300 гаруйг авах бололтой. Түүнчлэн Коммунист нам, Либерал ардчилсан нам, “Шударга Орос” нам Төрийн дум дахь хуучин суудлуудаа хадгалж үлдэхээр байна.
 
Сонгууль эхлээд Владимир Жириновскийн тэргүүлдэг Либерал ардчилсан нам  коммунистуудыг ардаа орхилоо гэж байсан ч тооллого нэмэгдэх тусам Коммунист нам нь дадал болсон хоёрдугаар байраа баттай эзэлж байна. Коммунистууд 14 хувийн санал аван одоохондоо Либерал ардчилсан намаас 0.1 хувиар түрүүлж байна. Сергей Мироновын тэргүүлдэг “Шударга Орос” нам 6.20 хувийн саналаар дөрөвт бичигдлээ. Сонгуульд өрсөлдсөн бусад 10 нам 0.8-3.4 хувийн санал авцгаажээ.
Энэ удаагийн Төрийн думын сонгуулийн гол онцлог нь 450 суудлын тэн хагас нь намын жагсаалтаар, үлдсэн хагас нь нэг мандаттай тойргоор сонгогдсон аж. Эрх баригч намын нэр дэвшигчид нэг мандаттай 225 тойргийн 203-т нь  ялсан байна.
 
Сонгогчдын оролцоо нь 47.55 хувьтай байгаа нь өмнөх сонгуулийнхаас 13 хувиар доогуур байна.
 
М.Хүслэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин