sonin.mn
ДАМАСК. /ВВС/. Сирийн Алеппо хотын ойролцоо явж байсан хүмүүнлэгийн тусламжийн цуваа агаарын цохилтод өртсөн байна. Үүний улмаас гал зогсоох тохиролцоог цуцалжээ.
 
Нэгэн баталгаагүй эх сурвалжийн мэдээлснээр, Урм аль-Кубра хотын ойролцоо хийсэн агаарын цохилтод 12 хүн өртөн амиа алдсан байна.
Үүнтэй холбогдуулан НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч мэдээлэхдээ "18-31 ачааны машин цохилтод өртсөн. Гэхдээ энэ халдлага агаарын цохилт байсан эсэхийг тодорхой мэдэхгүй байна" гэжээ.
 
Сирийн асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Стаффан де Мистура уг хэрэгтэй холбогдуулан хэлэхдээ “энэ бол харгис хэрцгий явдал. Бүслэгдсэн энгийн иргэдэд тусламж үзүүлэхийн тулд удаан хугацаанд бэлтгэж, зөвшөөрөл аваад байсан юм” гэж мэдэгджээ.
 
Эдгээр ачааны машинууд Алеппо хотоос өдөр бүр гарч босогчдын хяналтад байгаа орон нутгуудад тусламж хүргэдэг байсан гэж Сирийн Улаан хавирган сар нийгэмлэг мэдэгдэв.
 
Сири эсвэл ОХУ хоёрын аль нэгнийх нь байлдааны нисэх онгоцноос өгсөн байж магадгүй энэ агаарын цохилтод тусламжийн ажилтнууд, жолооч нар гээд 12 хүн өртөж, амиа алдсан гэж Сирийн хүний эрхийг ажиглагч байгууллага мэдэгдсэн байна. Харин Сирийн Засгийн газар энэ мэдээлэлтэй холбогдуулан ямар нэгэн тайлбар хийсэнгүй. 
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг