sonin.mn
НҮБ./TASS/. Ирэх 3 жилийн хугацаанд Япон улсаас Сирийн дүрвэгчид болон тэднийг хүлээн авч буй улс орнуудад нийт 2,8 тэрбум долларын тусламж үзүүлнэ гэж НҮБ-ын Ерөнхий Ассамблейн ээлжит чуулганд оролцож буй Японы Ерөнхий сайд Шинзо Абэ даваа гарагт мэдэгдлээ.
 
Тэрбээр онцлон тэмдэглэхдээ “Япон улс дэлхийн хамтын нийгэмлэгтэй нягт хамтран ажиллах замаар дүрвэгчдийн асуудлыг шийдэхэд чухал үүрэг гүйцэтгэх болно” гэжээ.
 
Өмнө нь Японы Гадаад хэргийн яам мэдэгдэхдээ “Сири, Ирак болон дүрвэгчдийг хүлээн авч буй улс орнуудад санхүүгийн тусламж үзүүлэх замаар Сирийн хямралыг шийдвэрлэхэд Япон улс хувь нэмрээ оруулах эрмэлзэлтэй байна” гэсэн юм.
 
Тус яамны тооцоолсноор, Сирид иргэний дайн дэгдсэнээс хойших хугацаанд тусламжийн хөтөлбөрт зориулан нийт 1,6 тэрбум доллар зарцуулаад байгаа ажээ. “Ийм тусламж үзүүлснээрээ бид сиричүүдийн хооронд яриа хэлцээг сэргээн үргэлжлүүлэх гэсэн уур амьсгалыг бий болгоход өөрсдийн хувь нэмрийг оруулах хүсэлтэй байна” гэж Японы Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурдсан байна.
 
Д.Нямтулга
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг