sonin.mn
НҮБ. /NHK/. Дүрвэгсдэд тусламж үзүүлэх үүрэг хариуцлага, ачааллаас хуваалцахыг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалсан тунхаг бичгийг дэлхийн улс гүрнүүдийн удирдагчид санал нэгтэйгээр баталлаа.
 
Дүрвэгч, цагаачдын шилжилт хөдөлгөөнийг зохицуулах асуудлаарх НҮБ-ын анхны дээд хэмжээний уулзалт өчигдөр Нью-Йорк хотноо эхэлжээ.
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын мэдээлснээр, өнгөрсөн оны эцсийн байдлаар дэлхий дахинд өрнөж буй мөргөлдөөний улмаас 65 сая гаруй хүн орон гэргүй болж, дүрвэсэн байна. Энэ нь дэлхийн II дайнаас хойш тохиолдож буй хамгийн том дүрвэгсдийн хямрал юм.
 
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Дээд хэмжээний уулзалтыг нээж үг хэлэхдээ, ямар нэг хүчин зүйлийн улмаас гэр орноо орхин дүрвэж байгаа хүн бүрийн нэр төр, эрхийг хамгаалах арга хэмжээ авахыг дэлхийн улс орнуудын удирдагчдад хандан уриалсан байна.
 
Дүрвэгчдийг олноор нь хүлээн авч буй улс орнуудад дэмжлэг үзүүлэх замаар эдгээр орнуудын үүрч байгаа ачааллыг бууруулахыг тунхаг бичигт уриалжээ.
Мөн дүрвэгч болон цагаач хүүхдүүдэд боловсрол олгох нь чухал ач холбогдолтой болохыг тунхагт дурдсан байна.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг