sonin.mn
Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалтын ажлыг ирэх оны 1 дүгээр сард дуусгахаар төлөвлөж байна.
 
Төслийн хэрэгжилт одоогийн байдлаар 94 хувийн гүйцэтгэлтэй байгааг албаныхан хэллээ. Бүтээн байгуулалтын ажлыг зуны оргил ачаалалтай үед өдөрт 2700 гаруй дотоод, гадаадын мэргэжилтэн, инженер техникийн ажилтнууд гүйцэтгэжээ. Төслийн үндсэн ажлуудыг гүйцэтгэх 50 орчим ерөнхий туслан гүйцэтгэгч компани ажиллаж байгаа бөгөөд эдгээрийн 70 гаруй хувь нь дотоодын аж ахуйн нэгж байгааг Төслийн захирал Н.Энхбат танилцуулсан.
 
Төслийн хүрээнд одоогийн байдлаар төмөрбетон хийц цутгах, ган хийц угсрах, хөөрч буух зурвас, явгалах зам, онгоцны зогсоолын хучилтын ажлын явц, барилгууд дотор тоног төхөөрөмж угсарч суурилуулах ажил дуусчээ.
 
 Өнөөдрийн байдлаар барилгуудын дотоод засал, архитектур, сантехник, цахилгаан халаалт, агаар сэлгэлт, хөргөлтийн систем, галын хамгаалалтын систем, гаднах инженерийн шугам сүлжээ, нисэх буудлын хамгаалалтын хашааны төмөрбетон ган хийц угсрах зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Түүнчлэн Засгийн газрын хөрөнгөөр Налайх-Хөшигийн хөндий хүртэл 110 кВт-ын цахилгаан дамжуулах шугам татаж дэд станцыг байгуулах, интернэт, холбоо мэдээллийн шилэн кабелийг ашиглалтад өгчээ.
 
Нисэх буудлын гаднах үерийн хамгаалалтын далан барих, Өндөр довоос төслийн талбай хүртэл авто замыг барьж байгуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэжээ. Харин төлөвлөсөн ажлуудаас Монголын Засгийн газрын хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх захиргааны барилга, ачаа, шуудан тээврийн болон аэродромын засвар үйлчилгээний барилгуудын ажлын явц удааширчээ. Одоогоор шатахуун сумлагааны системийг туршихад шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэх, Нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьж буй Сонгино-Туулын дэд станцын барилгын ажил санхүүгийн асуудлаас болж удааширч байгааг төслийн захирал танилцуулсан юм. 
 
Б.Заяа
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг