sonin.mn
АФИН. /VOA/. Грекийн Лесбос арал дахь дүрвэгсдийн хуаранд гал гарсны улмаас хэдэн мянган хүмүүс зугтан дайжихад хүрсэн байна.
 
“Мориа” дүрвэгсдийн хуаран дахь сайн дурын ажилтнуудын ярьснаар, гал гарсны дараа 4000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ. Одоогоор бэртэж гэмтсэн хүмүүсийн талаарх мэдээлэл алга байна. Даваа гарагийн шөнө гарсан галын шалтгааныг тодруулж, хохирлын хэмжээг тогтоож байгаа ажээ.
 
Лесбос арал дээр 5400 орчим цагаач, дүрвэгсэд амьдардаг бөгөөд "Мориа" хуаран бол 2015 он гарснаас хойш Туркээс Грекийн зүүн арлуудад очсон 1 сая гаруй хүний хувьд дамжин өнгөрөх гол газар байлаа. 
 
Хэдийгээр Грекийг зорих дүрвэгчдийн урсгал өнгөрсөн оныхтой харьцуулахад буурсан боловч тус улс өөрийн арлуудад ирээд буй цагаачдын хуарангуудын хэт их ачааллыг бууруулахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Орогнол хүссэн хүсэлтэд хариу өгөх явдал хэт удааширч байгаа нь зарим хүмүүсийг бухимдахад хүргэж, хуаранд оршин суугчдын дунд хүчирхийлэл гарахад хүргэж байна.
 
Арлууд дээрх дүрвэгсдийг оролцуулаад Грек улсад нийт 60 мянган цагаач байгаа аж. Тэдний ихэнх нь Африк болон Ойрхи Дорнодод дэгдсэн дайн болон ядуурлаас дайжин Газар Дундын тэнгисийг гатлан ирсэн хүмүүс юм.  
 
Х.Сарнай
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг