sonin.mn
БРЮССЕЛЬ. /Prensa Latina/. Ядууралтай тэмцэж буй хөрш орнуудынхаа хөгжлийн хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор 210 сая еврогийн тусламжийн багцыг баталсан гэдгээ Европын Холбоо /ЕХ/ мэдэгдлээ.
 
Энэ тусламжийн мөнгө нь Газар Дундын тэнгисийн зүүн өмнөд бүсийн орнуудад амьдралын нөхцлийг сайжруулах, мөн ЕХ-той зүүн зүгт хиллэдэг улсууд дахь шинэчлэлийн үйл явцыг дэмжихэд чиглэсэн гэдгийг Бүс нутгийн бодлого эрхэлсэн Европын комиссар Йоханнес Хан дурдсан байна.
 
Эх сурвалжийн мэдээлснээр, нийт батлагдсан төсвийн мөнгөнөөс 129 сая еврог Египет болон Палестин улсын нийгэм эдийн засгийн хөгжил, ажлын байр, усны нөөцийн зөв ашиглалт, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөтөлбөрүүд болон залуу хүмүүст боломж олгоход чиглэсэн хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулах ажээ. Мөн 79.8 сая еврог Беларусь, Украин, Азербайжан, Гүрж, Молдав, Армен улсуудад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслүүдэд зарцуулах юм.
 
Шинжээчдийн үзэж байгаагаар, эдийн засгийн хөгжлийн түвшнээр доогуур хөрш зэргэлдээх улсуудад амьдралын нөхцлийг ийнхүү сайжруулах нь ЕХ-ны улсуудыг зорин ирж буй цагаачдын тоог бууруулахад чиглэсэн ЕХ-ны стратегийн бодлогын нэг хэсэг ажээ.
 
Х.Сарнай
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг