sonin.mn
Нийслэлийн Засаг дарга өнөөдөр “Мишээл экспо” төвд байрлах “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д ажиллаж, иргэдтэй уулзлаа.
 
Тэрбээр энэ сараас эхлэн 14 хоног тутамд “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-үүдэд ажиллаж, иргэдтэй уулзах болсон. Өнөөдөр “Мишээл экспо” төвд ажиллах үеэрээ анхны уулзалтын үеэр иргэдээс ирүүлсэн зарим хүсэлтийг шийдвэрлэснээ танилцуулав. Тухайлбал, Хашаа нь Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт баригдсан Их тойруугийн дэд станцийн газарт иргэн Г.Чинболор 36 сая 273 мянган төгрөгийн нөхөн олговор авах ёстой нийслэлээс олгохгүй байгаа тухй гомдол ирүүлсэн.
 
Нийслэлийн Засаг дарга уг асуудлыг судалж үзээд дээрх хөрөнгийг олговорыг яаралтай олгох шийдвэр гаргасан байна. Мөн иргэн н.Энхтуяад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт дистрибьютерийн байр болон нийтийн бие засах газар ажиллуулах зориулалтаар 250 м2 газар олгох шийдвэр гаргажээ. Тэрбээр энэхүү зөвшөөрлийг авахын тулд 11 жил хөөцөлдсөн байна.
 
Өнөөдрийн уулзалтаар иргэн Б.Жамбалсүрэн “Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 7а байрны 9 айлын халуун усны шугам бөглөрөлтэй гэсэн шалтгаанаар халуун ус ирэхгүй 2 жил болж байна. Холбогдох байгууллагуудад нь хандахад “Та бүхэн өөрсдөө мөнгө гаргаад асуудлаа шийд” гэсэн хариу өгсөн. Гэвч бидэнд тэр хэмжээний хөрөнгө байхгүй. Энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсч байна” хэмээв.
 
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, “Орон сууцны тухай хуульд тухайн байранд оршиж сууж буй иргэд дундын өмчлөлийн эд хөрөнгө болох шугам хоолойны засварын зардлыг өөрсдөө хариуцна гэж заасан. Гэхдээ эдгээр айлууд төлөх чадамжгүй гэж байгаа учраас засварын хөрөнгийг бага багаар авах боломжтой гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл, шугам, хоолойн засварын мөнгийг Орон сууц, нийтийн аж ахуйн конторын хөрөнгөөс гаргаад дараа нь орон сууцны хөлсөн дээр нь бага багаар суулгах замаар хөрөнгийг гаргуулах боломжтой. Энэ нь иргэдийн амьдралд хүндээр тусахгүй” хэмээв.
 
Мөн иргэн Ц.Мөнхбаатар нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах “Нүүдэлчин зуух” төслөө танилцуулав. Уг зуух нь түлшийг 50-60 хувь хэмнэдэг төдийгүй утаа гаргадаггүй аж. 2015 онд төвийн 6 дүүрэгт 450 ширхэг зуухыг туршилтаар хэрэглэж үзсэн байна.  Одоогоор БНХАУ-д үйлдвэрлэж байгаа аж. Нэг зуухыг бүтээхэд 400 мянган төгрөг шаардагддаг аж. Уг төслийг Монгол Улсын Засгийн газар дэмжсэн тохиолдолд БНХАУ-ын Засгийн газраас төслийг хэрэгжүүлэх чиглэлээр буцалтгүй тусламж олгох боломжтой хэмээн мэдэгдсэн байна. БНХАУ-аас буцалтгүй тусламж авсан тохиолдолд Засгийн газраас нэг ч төгрөг гаргахгүйгээр 200 мянган ширхэгийг оруулж ирэх бөгөөд одоогоор 80 мянган ширхэгийг үйлдвэрлээд байгаа аж.
 
Нийслэлийн Засаг дарга С.Батболд, “Удахгүй хүйтний улирал эхэллээ. Энэ үеэд Улаанбаатар хотын утааны асуудал хүн бүрийн өмнө тулгамдсан асуудал болдог. Тиймээс хотын захиргаа утааны асуудлыг шийдэх бүх боломж, гаргалгааг хайх болно. Үүний нэг хэсэг нь утаа бага гаргадаг зуух юм. Өмнө нь тараасан төслийн зуухнууд төдийлөн үр дүнд хүрээгүй. Тиймээс таны төслийг нарийн судлах болно” хэмээв.
 
Мөн өдөр иргэдээс хувийн цэцэрлэг байгуулахад дэмжлэг үзүүлэх, өндөр настанг шагнах зэрэг хэд хэдэн хүсэлт ирсэн. Нийслэлийн Засаг дарга дээрх асуудлуудыг судалж, 14 хоногийн дараа иргэдтэй уулзах үед дэлгэрэнгүй танилцуулахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
 
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр