sonin.mn
АНУ-ын Нью-Йорк хотын Манхэттэн дүүрэг, Нью-Жерси хотод энэ оны 9 дүгээр сарын 17,18-нд болсон дэлбэрэлтэд монголчууд өртөөгүй гэж Вашингтон дахь манай улсын Элчин сайдын яамнаас мэдээлж байна. 
 
Нью-Жерси хотын Сийсайд цэцэрлэгт хүрээлэн болон Элизабет хотод тус тус болсон дэлбэрэлтүүд хоорондоо уялдаа холбоотой талаар АНУ-ын эрх бүхий байгууллагууд мэдээлж байгаа. Нью-Йорк хотод болсон дэлбэрэлтэд 29 иргэн өртөж, эмнэлгийн анхан шатны тусламж авсан бөгөөд харин Нью-Жерси хотод болсон хоёр дэлбэрэлтэнд ямар нэгэн иргэн өртөөгүй байна. Дээрх гурван тохиолдлоос гадна дэлбэрэлт хийх зориулалт бүхий хэд хэдэн төхөөрөмжийг АНУ-ын холбогдох байгууллага илрүүлж, аюулгүй болгожээ.
 
Вашингтон дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас өгч буй мэдээллээр дээрх цуврал дэлбэрэлтэд монгол иргэн өртөөгүй байна.
 
Н.Туяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг