sonin.mn
Монгол Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон өнөөдөр /2016.09.20/ Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Суреш Бабу тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзлаа.
 
Уулзалтын эхэнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон Элчин сайд Суреш Бабутай уулзаж танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлээд түүхэн болон соёлын хэлхээ холбоо, ардчиллын нийтлэг уламжлал, бүс нутаг болон олон улсын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах хоёр талын хамтын хүсэл эрмэлзлэлд суурилсан Монгол, Энэтхэгийн харилцаа, хамтын ажиллагаа “Стратегийн түншлэл”-ийн зарчмаар тууштай өргөжин хөгжиж байгааг тэмдэглэв.
Мөн тэрбээр, өнгөрөгч 4 дүгээр сард БНЭУ-ын Лок Сабхагийн дарга хатагтай Сумитра Махажан Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын парламент хоорондын харилцааны хөгжилд чухал ач холбогдол үзүүлсний зэрэгцээ АСЕМ-ийн Дээд түвшний уулзалтад БНЭУ өндөр ач холбогдол өгч оролцсонд талархал илэрхийлэв. Түүнчлэн УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлэг байгуулагдаж, даргаар нь УИХ-ын гишүүн Б.Ундармаа сонгогдсоныг дуулгав.
 
Эрхэмсэг ноён Элчин сайд Суреш Бабу УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд цаг гарган уулзаж буйд нь талархал илэрхийлээд хоёр орны харилцаа улам өргөжин хөгжиж байгааг онцлохын зэрэгцээ УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан шинэ парламент, Засгийн газартай нягт хамтран ажиллахаа тэмдэглэв.
 
Тэрбээр, хоёр орны парламент хоорондын харилцааг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллах, парламентуудын найрамдлын бүлгийн гишүүдийг уулзуулж, танилцуулах ажлыг зохион байгуулах нь зүйтэй хэмээн үзэж буйгаа сонордуулав. Мөн хатагтай Сумитра Махажаны айлчлалын үеэр  хоёр улсын хууль тогтоох байгууллага болон Тамгын газар хоорондын Хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулсан нь талуудын цаашид хамтран ажиллах эрх зүйн үндсийг бататгасан чухал баримт болсныг тэмдэглээд уг санамж бичигт тусгагдсан ажлыг хэрэгжүүлэх тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.
 
Түүнчлэн БНЭУ-ын Соёлын харилцааны зөвлөл, Монгол Улсын Гадаад харилцааны яам, Монгол Улсын Их Сургуультай хамтран энэ сарын 27-29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Чингис хаан, түүний өв уламжлал ба Энэтхэгийн соёл” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулахаар ажиллаж байгаа бөгөөд энэхүү арга хэмжээнд УИХ дахь Монгол-Энэтхэгийн парламентын бүлгийн гишүүдийг оролцохыг урив.
 
Үргэлжлүүлэн талууд парламентын Тамгын газруудын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх ажил болон Энэтхэгийн Лок Сабхагийн Тамгын газраас зохион байгуулах сургалтуудын талаар ярилцаж, санал солилцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.