sonin.mn
НЬЮ-ЙОРК. /VOA/. Нью-Йорк болон Нью-Жерси муж улсад тэсрэх бөмбөг тавьсан гэх сэжигтэн нь хэн болохыг тогтоосны дараа Нью-Йорк хотын захиргаа гар утасны яаралтай дохио өгөх системийг анх удаа ашигласан байна.
 
Ингэснээр даваа гарагт Нью-Йорк хот даяар гар утаснууд хангинаж эхэлжээ.
“Эрэн сурвалжилж байна. 28 настай, эрэгтэй Ахмад Хан Рахамиг эрэн сурвалжилж байна. Зургийг хэвлэл мэдээллээс харна уу. Хэрвээ харсан хүн байвал 911 руу залгана уу” гэсэн мессеж хүн бүрийн утсанд очсон гэж “New York Times” сонинд мэдээлжээ.
 
Нью-Йорк хотын захирагч Билл де Блазио “CNN” телевизийн сувгаар сэжигтний нэрийг зарлах үед гар утаснуудад мессеж ирж эхэлсэн байна.
Онцгой байдлын үед дохио өгөх уг системийг цаг агаарын аюултай үзэгдэл болох, хүүхэд алга болох үед ашигладаг ажээ.
 
Уг дохиог цаг агаарын аюултай үзэгдэл, хүүхэд алга болсон /шар дохио/ болон АНУ-ын Ерөнхийлөгчөөс өгсөн анхааруулга гэсэн гурван төрөлд ангилдаг байна. Иргэд эхний хоёр анхааруулгыг хүлээн авахгүй байж болох боловч Ерөнхийлөгчөөс ирсэн дохиог заавал авах ёстой.
 
Д.Нямтулга
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг