sonin.mn
"Монгол, Хоккайдогийн бизнес форум" өнөөдөр Гадаад харилцааны яаманд боллоо.
 
Манай улсын Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалтыг хөхүүлэн дэмжих, тэр дундаа уул уурхай болон хүнс, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт тэргүүлэх технологийг нэвтрүүлэх, экспортыг дэмжих замаар эдийн засгийн бүтцийг төрөлжүүлэх бодлого барьж буй. Үүний зэрэгцээ энэ оны 6 дугаар сараас Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн уг үед уг форум болж байна.
 
Монгол-Японы эдийн засгийн хорооны Гүйцэтгэх захирал Г.Тэнгэр тус форумын үеэр хэлсэн үгэндээ "Хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг байгуулсан нь том алхам боловч үүнийг хэрэгжүүлэх ажил түүнээс чухал, мөн яамгүй сорилт бэрхшээлийг даван туулах хэрэгтэй болно. Үүнд хоёр талын төр, хувийн хэвшлийн хамтын хүчин чармайлт, харилцан ойлголцол, мэдээллийн илүү өргөн солилцоо юу юунаас илүү чухал. Хоёр талын уулзалтуудыг жилдээ нэгээр хязгаарлалгүй, мэдлэг мэдээлэл солилцох, судалгаа хийх байнгын үр дүнтэй арга хэлбэрүүдийг өргөнөөр ашиглах шаардлагатай. Бид худалдаа, эдийн засгийн үйл ажиллагааг дэмжих үүднээс 2014 оны 10 дугаар сард Монгол-Японы эдийн засгийн хороог байгуулж, эгнээндээ Монголын топ 12 аж ахуй нэгжийг нэгтгээд байна" гэлээ. 
 
Харин Хоккайдогийн Олон улсын хамтын ажиллагааны төвийн ахлах мэргэжилтэн Ёшимүра Шинжи, "Японы компаниуд монголын талаарх мэдээлэл тааруухан байдаг. Гэтэл бас нөгөө талд монголын компаниуд ямар салбарт хэрхэн хамтарч ажиллах талаарх мэдээлэл дутагдалтай байна. Тиймээс энэ удаагийн уулзалтыг хамтран ажиллах салбаруудаа тодорхойлоход чиглүүлсэн" гэв.
 
Хоккайдо мужийн уур амьсгал нь манай орны цаг агаартай төстэй. Түүнчлэн хөдөө аж ахуйн менежмент, техник хэрэгсэл, хүйтэн бүст тохирсон технологи тал дээр үлгэр болохуйц хөгжсөн бүс нутаг юм. Иймд Гадаад харилцааны яам,  Хоккайдо-Монголын эдийн засгийн харилцааг дэмжих нийгэмлэгээс хоёр орны хоорондын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох, тэднийг хамтарч ажиллах боломжоор хангах зорилгоор форумыг зохион байгууллаа.
 
Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг