sonin.mn
Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэн /БНОУХ/, Канад улсын Гадаад хэргийн яамны дэмжлэгтэй 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж, кампанит ажлаа өрнүүлсэн эмэгтэйчүүдийн талаар “Тэгш боломж” баримтат кино бүтээснээ өнөөдөр олон нийтэд танилцууллаа.
 
Эл бүтээлд МАН-ын гишүүн Б.Саранчимэг, АН-ын гишүүн Ц.Оюунгэрэл, МАХН-ын гишүүн Л.Сэлэнгэ, ИЗНН-ын гишүүн Д.Бадамханд, бие даан нэр дэвшигч М.Нарантуяа, ХҮН-ын гишүүн Б.Мөнхсоёл нарын нэрээ дэвшүүлэхээс эхлэн сонгуулийн өдөр хүртэл кампанит ажлаа хэрхэн өрнүүлж, ямар саад бэрхшээлийг даван туулж байгаа тухай харуулжээ.
 
Мөн засаглал, улс төр, жендэр, эдийн засаг, иргэний нийгмийн олноо хүндтэй зүтгэлтэн, мэргэжилтнүдийг тайлбарыг шигтгэсэн байна.
БНОУХ нь Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр “Сонгуульд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих” хөтөлбөрийг 2015 оны 12 дугаар сараас хэрэгжүүлж байна. Хөтөлбөрийн хүрээнд эмэгтэй нэр дэвшигчид, улс төрийн намын удирдлагууд болон иргэний нийгмийн төлөөлөгчидтэй хамтран эмэгтэйчүүдийн улс төр дэх оролцоог дэмжихээр ажиллаж байгаа аж.
 
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр