sonin.mn
Эдийн засгийн түншлэлийн гэрээ хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж МҮХАҮТ-ын дэргэдэх Монгол-Японы бизнесийн зөвлөлийн дарга Т.Хасбаатараас дараах тодруулгыг авлаа.
 
-Манай улс Эдийн засгийн түншлэлийн гэрээг Япон улстай байгуулсан. Одоогийн байдлаар Монгол-Япон хоёр орны хооронд худалдаа, эдийн засгийн эргэлт ямар түвшинд байна вэ?
 
-Эдийн засгийн түншлэлийн гэрээг байгуулснаар манай хоёр орон аль аль талдаа ашигтай ажиллах хөрс суурийг бий болгосон. Ялангуяа японы чанар стандартыг хангахуйц бараа бүтээгдэхүүнийг тэдний зах зээлд нийлүүлнэ гэдэг нь зөвхөн японы гэлтгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөх нөхцлийг бүрдүүлж байна гэсэн үг юм. 1977 онд “Говь” үйлдвэрийг японы буцалтгүй тусламжаар барьснаас хойш Японд манай улсын ноос ноолуурын салбарын бараа бүтээгдэхүүн илүү танигдсан. Монголд бол автомашины нийлүүлэлт түлхүү байдаг.
 
Өнөөдрийг хүртэл жилд 500-600 орчим сая ам.долларын бараа бүтээгдэхүүнийг хоёр улс харилцан экспортлодог. Энэ нь 126 сая хүн амтай Япон улсын хувьд чамлалттай үзүүлэлт юм. Гэхдээ хэлэлцээрийн хүрээнд илүү их боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь Эдийн засгийн хэлэлцээрийн хүрээнд Монгол Улсаас 4700 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн тэглэсэн болон хөнгөлөлттэй тарифаар нийлүүлнэ.
 
-Өмнө нь бид Япон Улстай худалдаа бизнесийн салбарт хамтран ажиллах тухай ярьдаг байсан. Гэтэл өнөөдөр Хоккайдо мужтай хамтран ажиллах тухай ярьж байна. Яагаад Хоккайдог онцлох шаардлага үүсэв?
 
-Хоккайдо бол Японы хамгийн хойд хэсэгт оршдог, газар тариалан, ХАА-н бүтээгдэхүүнийг ихээр нийлүүлдэг бүс нутаг юм. Ялангуяа ХАА-н бүтээгдэхүүнийг боловсруулах, нэмүү өртөг шингээсэн брэнд бүтээгдэхүүн гаргах тал дээр Япондоо тэргүүлэгч муж юм.
 
Өвөлдөө хасах 20 хэм, зундаа нэлээн халдаг учраас манай улсын цаг агаартай төстэй. Тиймээс тэдний эрчимжүүлсэн МАА, газар тариалангийн салбартай эрчимтэй хамтарч ажиллах хэрэгтэй. Энэ дотроо өндөр технологиор үйлдвэрлэж байгаа газар тариалангийн тоног төхөөрөмжийг Монголд угсрах, нийлүүлэх тал дээр анхаарах нь зүйтэй. Хоккайдогийн Газар тариалангийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн холбооныхон энэ тал дээр хамтрах бололцоо байгаа гэдгийг онцлон ярьж байсан. Нөгөөтэйгүүр Хоккайдогийн банк санхүүгийн салбарынхантай хамтрах хэрэгтэй байна.
 
- Япон улсын хот мужуудтай харилцаа тогтооё гэвэл цаашид юуг анхаарах шаардлагатай вэ? 
 
-Японд эзийн засгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх цаг нь ирсэн. 
 
Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг