sonin.mn
НЬЮ-ЙОРК. /BBC/. Эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас өнгөрсөн онд нас барсан хуучин найз бүсгүйдээ хуурамч нэр ашиглан эм олж өгсөн хэрэгт холбогдсон Холливудын алдарт жүжигчин Жим Керри шүүхэд дуудагджээ.
 
Жим Керригийн найз бүсгүй байсан Катриона Уайтын салсан нөхөр Марк Буртоны ярьснаар, Жим Керри эмийг хууль бусаар олж авахын тулд өөрийн нэр хүндийг ашигласан, мөн тэрбээр ийм үйлдлээ нуухаар оролдлого хийсэн байна.
Харин Керри үүнд ямар нэгэн тайлбар хийсэнгүй.
 
Шүүх эмнэлгийн дүгнэлтээр, нас барах үедээ 30 настай байсан К.Уайт “ambien”, “propranolol” болон “percocet” зэрэг эмийг хэтрүүлэн хэрэглэсэн байжээ. Тухайн үед хосуудын харилцаа муудсан байсан бөгөөд Уайтыг нас барахаас хэдхэн өдрийн өмнө тэд салсан гэж хэвлэлүүдэд бичиж байсан ажээ.
Лос-Анжелес хотын Дээд шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсанаар, өдгөө 54 настай Ж.Керри “Артур хаан” гэсэн хуурамч нэрээр эдгээр эмийг олж авсан байна. Үүний дараа тэрбээр өөрийн гэм бурууг нуухыг оролдсон ажээ.
 
К.Уайтын үхэлд холбоотой гэдгээ нуухын тулд тэрбээр Уайтын цогцос олдохын өмнөх өдөр түүн рүү “эргэлзээтэй утга бүхий мессеж” бичсэн гэж М.Буртон ярьжээ. Уг мессежинд тэрбээр эмнүүд хаана байгааг асуусан аж.
 
К.Уайтыг “хянаж цагдах"-ын тулд Жим Керри гэрт нь хяналтын камер зоосон байсан гэж М. Буртон ярьжээ.
 
Х.Сарнай 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг