sonin.mn
Гадаадын хөрөнгө оруулагч, аж ахуй эрхлэгчдэд төрийн захиргааны болон хуулийн байгууллагаас дарамт учруулсан, хүнд суртал гаргасан, үндэслэлгүйгээр мөрдөн шалгасан эсэх асуудлыг судалж дүгнэлт гаргах ажлын хэсгийн мэдээллийг үндэслэн эрх бүхий байгууллагаас Монгол Улсын 202 , гадаадын 11 иргэнд тавьсан хилийн хоригийг цуцлав.
 
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар дээрх ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт ахлуулан байгуулсан. Өнгөрсөн хугацаанд тус ажлын хэсгийнхэн монгол болон гадаадын иргэдийн гадагш зорчих эрхийг түтгэлзүүлсэн асуудлыг судалжээ. Ингэхэд Монгол Улсын 5381, гадаадын 191 нийт 5582 иргэнд хилийн хориг тавьсан байсан байна.
 
Дүгнэлтээр хилийн хориг тавьсан иргэдийн мэдээлэл зөрүүтэй, нэгдсэн бүртгэл байхгүй, зарим мэдээлэл давхардсан байдалтай байжээ. Иймд ажлын хэсгээс хилийн хориг тавих, цуцлах үйл ажиллагааг боловсронгуй болгох чиглэлээр мэдээлэл харилцан солилцох журам батлах, хилийн хоригтой иргэдийн мэдээллийн нэгдсэн сан байгуулах, гэмт хэргийн зүйлчлэл, эрүүгийн хэргийн дугаар, товч агуулга зэргийг тодорхой дурдах, хориг тавьсан болон цуцалсан эсэх саналаа шуурхай мэдэгдэж байх санал гаргажээ. Түүнчлэн хууль эрх зүй орчныг боловсронгуй болгоход чиглэсэн саналыг ажлын хэсгээс гаргасан байна.
 
Б.Туул
 
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг