sonin.mn
УИХ-ын гишүүн, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч, АН-ын орон нутгийн сонгуулийн менежер Д.Эрдэнэбат ирэх 10 дугаар сарын 19-нд болох Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн асуудлаар мэдээлэл хийв.
 
Улсын хэмжээнд сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 7006 мандатын төлөө 15209 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгүүлсний 7500 орчим нь АН-ын гишүүд байгааг тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцоллоо. Мөн тэрбээр "Орон нутгийн сонгуультай холбоотой эргэлзээ дагуулж буй нэг том асуудал бий. Энэ нь бүртгэл болоод шилжилт хөдөлгөөн. Нэг сонгогч олон газар санал өгөх магадлал өндөр байна. Тиймээс бид уг асуудалд анхаарч ажиллах болно. УИХ-ын 2016 оны сонгуулиар сонгогч хууль бусаар шилжсэн олон асуудал үүссэн. Үүнтэй холбогдуулж Үндсэн хуулийн цэцэд гомдол үүсгээд явж байна” гэлээ.
 
АН-ын шинэчлэлийн талаар “Шинэчлэл гэдэг бол том асуудал. Зөвхөн АН-ын даргыг сольсноор дуусахгүй. Шинэ дүрмээ нийтээр хэлэлцээд өлгийдөж авна. Арванхоёрдугаар сарын 6-нд улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөлд байдалд зөв дүгнэлт хийсэн томоохон улс төрийн илтгэлийг бэлтгэж тавина. 2017 он бол АН-ын шинэчлэлийн жил болно. Энэ шинэчлэл 2020 онд Монголын улс төрийн бодлого зөв явах жишиг, суурь тавьсан шинэчлэл болно” гэсэн юм.
Мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулав.
 
-АН шинэчлэлээ хийж чадахгүй, фракцийн зөрчилдөөндөө ороогдож байна, ийм байдлаар явж байхаар тарах хэрэгтэй гэсэн шүүмжлэл гарч байгаа. Таны хувьд АН-ын дотор үүсээд байгаа энэ нөхцөл байдлын тухайд юу хэлэх бэ?
 
-АН бол ард түмний дундаас бий болсон нам. Үндэсний хэмжээний том нам учраас гишүүдийнхээ санал бодлыг харгалзахгүйгээр АН тарна гэдэг бол маш зөрүү ойлголт. Ийм зүйл байхгүй. АН фракц гэдэг ойлголтыг эрх ашгийн нэгдэл болгосон нь алдаа байсан. Энэ алдаа сонгуулийн үр дүнд ч сөргөөр нөлөөлсөн. Үүнийгээ давтахгүйн тулд шинэчлэгчид өөр байр сууринаас хандах ёстой. Бид дахиад эрх ашгийн фракц үүсгэж болохгүй гэж харж байна. Харин бодлого дээрээ нэгдсэн фракц байж болно. Үүнийг бид шинэчлэлийнхээ хүрээнд шийднэ. АН  хэсэг хүмүүсийн хэлснээр задарчихгүй. Бид үүнийг хаана хаанаа хатуу ойлгох хэрэгтэй.
 
-Дүрмийн шинэчлэлийг ҮЗХ-ны хуралдааны өмнө бүрэн боловсруулж амжих уу?
 
-Намын дүрмийн шинэчлэлийн анхны төслийг одоогоос зургаан жилийн боловсруулж эхэлсэн байдаг. Энэ дүрмээ хоёр ч удаа орон нутгийн намын байгууллагуудаар хэлэлцүүлсэн. Өнөөдөр дүрмийн шинэчлэл дээр ажлын хэсэг ажиллаж байна. ҮЗХ-ны хуралдаанаас дахин Үндсэн ажлын хэсгийг байгуулахаар төлөвлөж байна.
 
-Шинэчилсэн дүрмийн дагуу өнөөгийн ҮЗХ-ны бүрэлдэхүүн татан буугдах уу?
 
-Шинэчилсэн дүрэм одоогийн ҮЗХ-ны бүрэлдэхүүнээр батлагдахгүй. ҮЗХ одоо шинэчилсэн дүрмийн ажлыг хэсгийн шинэчлэн байгуулна. Үүн дээр итгэлтэй байж болно. Тэгэхээр Их хурлаар шинэчилсэн дүрэм батлагдахад хуучин ҮЗХ-ны дүрмийн шинэчлэлийн хүрээнд татан буугдана. Бид бүх зүйлийг цоо шинээр эхлэх хэрэгтэй. АН шинэчлэлийг хөрсөн дээрээсээ эхэлнэ. АН 16 жилийн дараа хоёр дахь амьсгалаа авах гэж байна. Одоо бид зөв амьсгал авах ёстой. Үүн дээр би хатуу байр суурьтай байгаа.
 
Н.Гантуяа
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг