sonin.mn
Өнгөрсөн жилийн зун нийслэлийн түүхэнд нэгэн шинэ хуудас нэмэгдсэн нь Улаанбаатарчууд хотын татвартай болсон явдал байв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн зургадугаар сард хотын албан татварын хэмжээг нийслэлийн төлөөлөгчид тогтоож, УИХ-ын чуулганаар баталж байсан юм. 
 
Хууль, тогтоомжийн дагуу зочид буудал, ресторан, баар, амралтын газраар үйлчлүүлсэн бол нэг хувийн татвар төлнө. Мөн архи, тамхи худалдан авснаар бараа үйлчилгээний үнийн дүнгийн нэг хувийг нийслэл хотын татварт төлж байхаар тогтоод өнөөг хүрч буй. Үнэндээ энэ татварын амин сүнс нь шөнийн 04:00 цаг хүртэл үйлчилдэг цэнгээний газрууд гэхэд хилсдэхгүй. Цэнгээний газрууд  цагийн хязгааргүй ажиллаж,  олон үйлчлүүлэгч  татах тусам хотын татварын утга учир тодорч, орлого нэмэгддэг гэж хэлж болно.
 
Тэгвэл энэ удаагийн сонгуулийн үр дүнгээр шинэ баг бүрдүүлэн ажиллаж буй С.Батболд цэнгээний газруудын ажиллах цагийг 04:00 байсныг багасгаж 00:00 цаг болгох талаар зарлалаа. Албан ёсны тогтоол захирамж нь гараагүй ч нийслэлийн багийг удирдаж байсан Э.Бат-Үүлийн шийдвэрийг буцаах нь тодорхой болж байх шиг. Хотын дарга  “Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа шөнийн цэнгээний газрууд 04:00 цаг хүртэл ажилладаг захирамжийг хүчингүй болгох захирамж гаргана” гэж албан ёсоор мэдэгдсэн удаатай. Гэхдээ цэнгээний газрын цагийг багасгахдаа улирал зэргийг нь харгалзан үзэж ялгавартай байхаар  нийслэлийн мэргэжилтнүүд ярилцаж эхэлсэн ч эцэслэн шийдэгдээгүй байгаа гэнэ.
 
Цэнгээний газрын цагийг багасгахтай холбогдуулан үнсгэлжингийн шүүмжлэл олон нийт, хэвлэлийн хуудаснаас  салахаа болилоо. Үүн дээр нэмээд ганцхан зүйлийг иргэд танаас хүсч байна. Цэнгээний газрын ажиллах цагийг багасгаж болно. Харин тэдний халааснаас татдаг албан татвараа  халчихъя. Хоёр сарын хугацаанд багаар тооцоход 200 сая төгрөг, жилд 10 гаруй тэрбум төгрөг  нийслэлийн төсөвт төвлөрүүлж байгаа үйлчилгээний байгууллагуудынхаа нуруун дээр ачаа нэмэхээ больё.
 
Өөрөөр хэлбэл, татвар төлөгчийн бүртгэлийн программд 543 иргэн, 3834 хуулийн этгээд, нийт 4377 албан татвар суутгагч байгаа юм. Таны санаачлагаар ажиллах цагийнхаа ихэнх хугацааг хаалгаа “барьж” өнгөрүүлэх цэнгээний газруудын цагийг цэгцлэх бол хотын татварыг ч бас хасч, таная. Энэ нь илүү шударга. Тэгээд ч өмнөх багийнхаа хийсэн бүхнийг баллуурдах нь сайхан санаа биш гэдэг үгийг олон хүн дайж байна. 
 
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин