sonin.mn
НҮБ./TASS/. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дэлхийн улс орнуудын төрийн тэргүүн нарт хандан, маш хүнд байдалд ороод буй 1,2 сая дүрвэгчдийг эх орондоо хүлээн авахыг уриаллаа.
 
Тэрбээр өчигдөр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилгаар эхэлсэн дүрвэгчдийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалтад оролцон үг хэлсэн юм.
НҮБ-ын тэргүүн хэлэхдээ, өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд 20 орчим оронд очсон дөнгөж 100 мянган дүрвэгч өөрийн гэсэн гэр оронтой болж чадсан гэдгийг дурдаад “бусад улс орнууд ч мөн адил дүрвэгчдийг суурьшуулах талаар хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй байна” гэдгийг онцоллоо.
 
НҮБ-ын мэдээллээр, өнөөдөр дэлхий даяар 21 сая орчим дүрвэгчид бүртгэгдсэний 90 хувь нь Иордан, Иран, Кени, Ливан, Пакистан, Турк, Уганда, Этиоп гэсэн 8 оронд амьдарч байна. Гэтэл эдгээр улс нь бараг бүгдээрээ бага болон дунд орлоготой орнуудын тоонд багтдаг учраас өөрсдөд нь олон улсын тусламж хэрэгтэй байгаа юм.
Дээд хэмжээний уулзалтад оролцож буй улс орнуудын төрийн тэргүүн нар Ойрхи Дорнод, Хойд Африкийн орнуудаас дүрвэн цагаачилж буй хүмүүсийн асуудалд гол анхаарлаа хандуулсан байна.
 
Харин хэлэлцүүлгийн үеэр Мексик улсын Ерөнхийлөгч Энрике Пенья Ньето үг хэлэхдээ, Төв Америкт үүссэн дүрвэгчдийн хямралын асуудлыг ч мөн адил хэлэлцэх ёстойг санууллаа. Түүний хэлснээр, Төв Америкийн орнуудаас Мексикийг чиглэсэн дүрвэгчдийн урсгал 2012-2016 оны хугацаанд 286 хувиар нэмэгдэж, тус улсын хилээр жилдээ 400 мянга гаруй дүрвэгч, цагаачид нэвтэрч байгааг дурджээ.
 
Б.Обамагийн даргалсан энэ удаагийн Дээд хэмжээний уулзалт нь дэлхий дахиныг хамарсан дүрвэгч, цагаачдын хямралын талаар хүлээх үүрэг хариуцлагыг улс орнуудад хуваарилах боломжийг олгоно гэж ажиглагчид үзэж байна.
 
Д.Нямтулга 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг