sonin.mn
Идэр гурван есийн хүйтэн ид тачигнаж эхэлсэн 1966 оны нэгдүгээр сард Ю.Цэдэнбал өөрийн төрсөн нутаг Увс аймгийг оролцуулан баруун таван аймгаар явах аялалд мордсон юм.
 
Энэ нь, тэр үеийн ЗХУ-ын удирдагч Л.И.Брежнев манай оронд айлчлан, улс төрийн том үйл явдал болж, хэд хоног бужигнасны дараа, их ажлаас амсхийлгүй, юу болов гэмээр санагдаж байж билээ.
 
Архангай, Баянхонгорын нутгаар дайрч эхлээд Говь-Алтайн Гуулингийн усжуулалтын системтэй танилцан хойш эргэж Завханы баруун талын сумдаар явж, зарим өдөр 400-500 километрыг туулж, өглөөний 6 цагаас үдшийн 23-24 цаг хүртэл явах учир хаана ч гэсэн төдийлөн тухалж чадахгүй нь мэдээж байж билээ. Даарч хөрөх, амрах дэг алдагдах ердийн хэрэг.
 
Үүнээс болсон уу, нэг л мэдэхэд даргын хоолой өвчилж, багтарч сөөнгөтөн, үг хэлэх, бусадтай харилцах нь муудаж саатах болсон юм. Энэ нь Увс аймагтаа очсон цаг. Хэдийгээр дагаж явсан эмч, өвчлөлтийг зогсоох арга чарга авч байгаа бололтой ч өвчлөлт намдахгүй байв. Сонсвол, энэ бол шинэ өвчин биш, Цэдэнбал 1942 онд Зөвлөлтийн эх орны дайны үеэр Германтай залгаа баруун талын фронтод бэлэг хүргээд буцаж ирэх замдаа Зөвлөлтийн цэрэг дайны байдлыг ард түмэнд өөрийн биеэр ярьж танилцуулахаар замаасаа шууд Хөвсгөл аймгийн нутгаар орж олон хоног явсан, тэгэхдээ даарч хөрөн олсон өвчин гэнэ. Нэг ёсондоо тэр үед бүрэн эдгэлгүй, архаг хууч болсон. Тэр нь одоо хүйтэнд сэргэн хөдөлж байгаа юм гэнэ.
 
Ингээд дарга өөрийн төрсөн нутаг Давст суманд очиход хүмүүстэй юм ярих нь бүр дордож, ямар сайндаа сумын улаанбуланд цугласан ахмад голдуу хэсэг хүнтэй арайхийн мэндэлж, хоолойгоо албадан ганц хоёр үг хэлээд “Би цааш нь чадахгүй нь. Энэ бахлуур бахлуур” гэж тасалдангуй дуугараад багалзуур руугаа зааж инээж байх вэ. Цаадуул нь нутаг усандаа ирсэн, бидэнтэйгээ уулзаж байгаа төрийн тэргүүн хүн овоо юм ярина гэж горьдсон байх. Даргын ийн хэлэхэд царай нь хувьсан, их л урамгүй тарж билээ. 
 
Дарга, цаашаа сумаас хойш байх, өөрийн нутаглаж, хонь хариулж явсан Хандгайтын гол, хөндийгээр орж хилийн боомтод очин, цаанаас ирсэн Тувагийн удирдагч Токатай уулзсан бөгөөд Тока санаачлан Кызыл руу утасдаж, даргын хоолойг эмчлүүлэхээр мэргэжлийн орос эмч ирүүлсэн юм. Тэр эмч даргыг Улаангомд иртэл бидэнтэй хамт явж, даргын хоолойны байдлыг өдөрт хоёр, гурван удаа үзэж байнгын тогтмол эрчимтэй эмчилгээ хийж байв. Тэглээ ч архагшсан өвчин хурдан намдахгүй байлаа.
 
Улаангомд байсан хоёр гурван хоногт, хагас бүтэн сайн өдөр дайралдаж, бас гадуур явах, хийх ажлаа зогсоож хэвтрийн дэглэм сахихыг эмч зөвлөсөн учир, тэгээд ч бүр дуугарч чадахгүй болсон болохоор дарга тэр нэг ням гаригт зочид буудлын өрөөнд гадагш гараагүй өнжсөн юм. Тэглээ ч ойр холбоотой байх ёстой бид нартай (комиссар, сурвалжлагч гээд) уулздагаараа уулзаж, харилцаж, ажлаа үргэлжлүүлэхийг хичээж байгаа нь илт байв. 
 
Тэгэхдээ, нэгэнт хоолой нь дуугарахгүй болохоор хүний хэлэхийг сонсож, хүлээж аваад өөрийнхөө хэлэх ярих юмаа зөвхөн өөрөө бичээд л өгдөг байв. Намайг үүдний нь өрөөнд ороход тосож гарч ирсэн ч хоолойноос нь ганц ч авиа гарахгүй гацсан, маш өрөвдөлтэй байв. Би өвчний нь цаад учрыг мэдэхгүй болоод ч тэр үү, ингээд энэ хүний хоолой нь боож, амьсгаа нь хаагдчихвал яана аа гэж үнэхээр айж, элдвийг бодож байв. Дарга, харин огт зовсон шинжгүй, хэнэггүй байдалтай надад хэлэх гэсэн үгээ цаасан дээр тэмдэглээд үзүүлж билээ. Хүний хэлэхийг сонсоно уу болохоос биш өөрөө ганц ч үг хэлэх чадваргүй ийм нөхцөлд гадуур явж ажилтай танилцах ямар ч бололцоогүй, өрөөндөө байхаас аргагүй нь ч тодорхой байлаа.
 
Энэ бүхнийг би яагаад нуршаад байна вэ гэвэл тэр хүн өөрт ногдсон журамт үүргээ биелүүлэхийн төлөө зүтгэж явсныг нь, хэдийгээр түүнийг бусдыг (нийгмийг ч гэдэг байх) захиргаадан дарангуйлагч байсан гэж хэлж, бичдэг ч, өөрийгөө ч бас захиргааддаг, дарангуйлдаг гэж хэлж болохоор байсан юм шүү гэдгийг хэлэхийг хүссэн юм.
Өмнөговь аймагт явж байхад би мэдээгээ бичихээр шөнө дунд босоод нэг өрөөнд цуг унтаж байсан хүнээ сандраахгүйн тулд буудлын коридорт гарч цонхны тавцан түшээд юмаа машиндмар болж байсан юм.Энэ бол шөнийн хоёр цагийн үе.. Гэтэл өрөөнд цуг байрласан генерал С.Батаа гуай бие засах гэж гарч яваад намайг харж гайхаж байв.
 
Маргааш өглөө нь Батаа гуай шөнө сууж байсныг минь даргад хэлэхэд “Тийм үү, бид үүргээ л биелүүлж явна даа” гэж билээ.
Хэдийгээр би үүргээ биелүүлэхийн чухлыг урьд нь мэддэг байсан ч тэр их хүнийг ийнхүү хэлсэнд улам урамших сэтгэл төрж билээ.
 
Сэтгүүлч С.Авирмэд