sonin.mn
Ардчилсан Намын /АН/ шинэчлэлийн талаар болон бусад асуудлаар АН-ын ҮЗХ-ны гишүүн, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан Пунцагийн Цагаантай  ярилцлаа.
 
-АН-ыг шинэчлэх ҮЗХ-ны хурлын асуудлаар сүүлийн үеийн сонин сайхан юу байна вэ?
 
- Их л зүйл өрнөж байна даа.
 
-Тодруулбал?
 
-Монголын ард түмний 1990 оны түүхэн сонголтыг зорьсон үр дүнд нь хүргэх улс төрийн хүчин нь АН байгаасай гэж олон түмэн боддог, итгэдэг. АН-ыг шинэчлэхийг АН-ын гишүүд, ард иргэд ярьж, шаардаж байна. ҮЗХ-ны хурлаа хийж, алдаа оноогоо тайван ярьж хэлэлцье гээд гишүүд цуглачихаад байхад бас нэг шалтгаан олоод ҮЗХ-ны хуралдааныг дахиад л хойшлуулчихлаа. Үүнд олон хүн бухимдаж, зарчмын шүүмжлэл хэлж байгаа.
 
-АН-ын шинэчлэлийг хүлээсэн хүмүүс их байна. Бас МАН-д итгэл алдарсан хүмүүс ч олширч байна. Хоёр гол нам нь ийм урагшгүй болчихоор нийгэм маань яах болж байна?
 
-Монгол Улсыг том зургаар харвал, өнөөдрийн нийгэмд хуримтлагдсан хүндрэл, хүлээлт, бухимдал бол зөвхөн АН-ыг шинэчлэх асуудлаар хязгаарлагдах биш юм байна гэдэг нь улам тод харагдаж байна. Монголын нийгэм, эдийн засагт ихээхэн гажуудал үүсчихсэн байна. Энэ гажуудлыг засахын тулд АН өөрөө эхлээд шинэчлэгдчихвэл үндэсний эрх ашигт илүү нийцнэ гэж боддог. Монголын нийгэм дэх гажуудал архагших, бас буглаж, бугших шинжтэй болж байна.
 
Түүний нэг илрэл нь л сонгуулиар амласныхаа яг эсрэг зүйл хийж байгаа эрх баригчдад иргэдийн итгэх итгэл богино хугацаанд алдарч байгаа явдал. Хамгийн уршигтай үр дагавартай нь үндэсний баялаг бүтээгчид төр засгаасаа эмээсэн, хүлээзнэсэн, үйлчилгээнд нь итгэхгүй, аргаа бараад төрийн алба рүү хошуурч байна. Зүй нь тэд маань эх орондоо тайван амар баялаг бүтээж байвал өөрт нь ч, нийгэмд ч хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулагчид ч итгэхгүй, дүрвэж байгаа тухай барууны хэвлэлд ил тод бичиж байна. Нэг л болж өгөхгүй байна. Ер нь бол төрийн хууль алагчлалгүй, жигд, тогтвортой мөрдөгдөх зарчим алдагдаад эхлэхээр төрийн нэр хүнд ч, ажил нь ч унадаг. Энэ бол дэлхийн аль ч оронд үйлчилдэг түгээмэл хууль.
 
-Хууль тогтвортой тууштай мөрдөгдөхгүй байгааг та жишээтэй ярьж болох уу?
 
-Бололгүй яах вэ. Энгийн жишээ. Шинэ Засгийн газар байгуулагдах бүрт яамдын нэр өөрчилхөд л ямар их муу үр дагавартайг ухаарах цаг болсон. Хууль зөрчихгүйгээр гэж боддог боловч, үнэндээ хууль зөрчин байж хэдэн хүн халахын тулд, аль эсвэл хэдэн хүнийг ажилтай болгохын тулд сонгууль болгоны дараа төр засгийнхаа бүтцийг бужигнуулаад байх юм. Монгол гэдэг чинь дэлхийн 200 гаруй айлын нэг. Нэг айл нь байсхийгээд л хүүхдүүдийнхээ нэрийг солиод, төрсний шинэ гэрчилгээ, иргэний үнэмлэх аваад байвал хажуу айл нь битгий хэл тухайн айлын аав, ээж нь хүртэл будилж гүйцнэ биз дээ.
 
Одоо ч дэлхий гайхахаа больсон. Зүгээр л өрөвдсөн нүдээр хардаг болсон, биднийг. Гадаадын нэг том хөрөнгө оруулагч уулзаад, жил гаруй хэлэлцээ хийгээд гэрээнд гарын үсэг зурах гээд иртэл сайд нь огцорчихсон гэв. Сайд огцорч бололгүй яах вэ, яаман дээр очиж, шинэ сайдтай нь уулзая гэтэл яам нь татан буугдаад алга болчихсон гэв... Ингэж болдог юм уу? гээд толгой сэгсэрч байсан. Төр засгийн бүтэц тогтвортой, төрийн алба мэргэшсэн байна гэдэг хоосон уриа лоозон болж хувирлаа.
 
Төр засгийг төвхнүүлдэг гол хууль болох сонгуулийн хууль нь сонгууль болгоны өмнө өөрчлөгддөг, тэгээд ч бүрэн мөрддөггүй. Улс төрийн намын хуулийн хэрэгжилтийг хар. Үндсэн хуулиар 25 жилийн өмнө нам төвтэй улс төрийн тогтолцооноос төр төвтэй улс төрийн тогтолцоо руу шилжинэ гэсэн. Гэтэл нам өнөөдөр ч төрийг зайдагнасаар, сулруулсаар л байна. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцдог салбарынхны шинэтгэл олигтой хийгдээгүй, хийсэн заримыг нь булшилчихсан учраас Монголын төрийн эрх мэдлийн хуваарилалт, харилцан хяналт тавих зарчим гурав биш, хоёр хөл дээрээ тогтож ядан догонцож байна.
 
-Та саяхныг хүртэл төрийн том алба хашиж байсан. Өөрөө тэдгээр шинэчлэлийг хийж болоогүй юм уу?
 
-Бид хуулийн засаглалтай улс байх замыг сонгосон. Тийм болохоор өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгч маш олон хуулийн төсөл санаачилж, УИХ-д өргөн барьсан. Сүүлдээ манай УИХ-ын зарим гишүүд Ерөнхийлөгч хэтэрхий идэвхтэй байна, хууль санаачлах эрхийг нь Үндсэн хуулиас хасъя гээд явж байсныг хүмүүс санаж байгаа байх. Би Ерөнхийлөгчийн хуулийн зөвлөх болоод Шүүх эрх мэдлийн салбарын шинэтгэлийг эхлүүлэхэд ханцуй шамлан оролцсон гэдгээ нүүр бардам хэлнэ.
 
Ганц жишээ хэлэхэд, шүүхийн шийдвэрийг ил болгомогц л шүүхийн шийдвэрийн чанар, тэр бүү хэл хэл бичгийн найруулга, зөв бичгийн дүрэм нь хүртэл сайжирч, шүүхийн талаархи иргэдийн гомдол эрс буурсан. Зарим шинэтгэл ойлголтын зөрүү, хувь хүмүүсийн хоорондын харилцаа, зөрчил зэргээс улбаалж бүдэрсэн, дутуу дулимаг хийгдсэн, бүр ухарсан зүйл ч бий... Миний хувьд, бусдад ойлгуулах, бусдаар хийлгүүлэх буюу шийдүүлэх гэж их оролдсон, хичээсэн. Бухимдах тохиолдол ч олон байсан. Ер нь аливаа шинэтгэлийг түүний зайлшгүйг ойлгосон, мэдэрсэн хүн л хийдэг юм байна. Энэ байдал ч намын, улс төрийн шинэтгэлийн ажлыг сонгоход надад нөлөөлснийг нуугаад яах вэ.
 
-Тэгээд яах вэ. Гарц нь?
 
-Шуудхан хэлэхэд, Үндсэн хуулийн шинэтгэл хийж, монгол төрийн тогтвортой байдал, залгамж шинж, чадавхи, алсын хараа, түүнд тавих ард түмний хяналт,  оролцоо, хууль, шударга ёс, шүүх эрх мэдэл, улс төрийн намуудын тогтолцоо зэрэг олон асуудлыг хөндөх, цэгцлэх цаг болсон гэж бодож байна. Мөрдөгдөж байгаа, дордуулсан долоон өөрчлөлт бүхий 1992 оны Үндсэн хууль түүхэн үүргээ сайн биелүүлсэн. Одоо өнгөрсөн 26 жилийн алдаа оноо, туршлагадаа тулгуурлан ирэх он жилүүдийн тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулан шинэ Үндсэн хууль боловсруулж, батлах цаг болсон гэж бодож байна.
 
-Эрх баригчид хүсэхгүй бол яах вэ?
 
-Хүний эрхийг дээдэлсэн ардчилсан нийгэм, хувийн өмчийг зөвшөөрсөн зах зээлийн эдийн засаг руу шилжих 1990 оны түүхэн сонголт хийх үйл явцыг МоАХ манлайлж, Монголын ард түмэн уухайлан түрж дэмжсэний хүчинд бид их амжилт олсон. Үгүйсгэх юм байхгүй. Одоо тэрхүү түүхэн сонголтыг төгөлдөржүүлэх, алдаа гажуудлыг нь засахын тулд Монголын ард түмний оюун санаа, эв нэгдлийн холбоо байгуулагдаж, ухаалаг давалгаалах цаг ирсэн. Эс тэгвэл Монгол Улсын хөгжил тушигдаж, хатингаршилд орох, улмаар бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолд ч сүүдэр унах аюул нүүрлэж болзошгүй. Үүнийг мэдэрч байгаа хүмүүс эрх баригчдын дунд  ч байгаа гэдэгт огт эргэлзэхгүй байна.  
 
-Сая та Үндсэн хуулийн шинэтгэл, тэр битгий хэл шинэ Үндсэн хууль батлах шаардлагатай гэж хэллээ. Хэрэв энэ Засгийн газар Үндсэн хуульд өөрчлөлт оруулчихвал нэг намын эрх ашиг агуулсан гэх шүүмжлэлээс хол байж чадах уу?
 
-Урьдчилж үзмэрч шиг хандаад, хардаад байх хэрэггүй байх. Эрх барихаас дээгүүр эрх ашиг гэж бас байна шүү дээ. МАН дотор ч эрүүл саруул сэтгэдэг хүмүүс бий. Монголыг намаар хуваах хэрэггүй. Монгол Улс гэдэг чинь нэг том айл. Монгол бол улс төрийн нам үүсэхээс өмнө оршин тогтнож байсан, төрт ёсны их түүх, соёлтой үндэстэн. Монголын ардчилал бол П.Очирбат Ерөнхийлөгчийн хэлснээр, зөвшилцлийн ардчилал. Одоо ухаалаг, хариуцлагатай, ард түмний оролцоотой, хяналттай ардчилалтай болох хэрэгтэй байна.
 
-АН-ын ҮЗХ хойшлогдсон шалтгаанд нэг л итгэл үнэмшил төрөхгүй байна гэж ярих хүмүүс байна?
 
-Өмнө нь УИХ-аар ард түмний амьдралын чухал асуудал хэлэлцэх болсон тул гэсэн шалтгаанаар хойшлуулсан. Чухамхүү хойшлуулах биш, харин ч хуралдаж, ҮЗХ-ыхоо гишүүдийн үгийг сонсох ёстой байсан. Гэтэл одоо Орон нутгийн сонгууль гээд хойшлууллаа. Харин ч сонгууль болохоос өмнө хуралдаж, орон нутгаас ирсэн ҮЗХ-ны гишүүдээс тулгамдаж буй асуудал, жаргал зовлонг нь сонсоод, байр сууриа илэрхийлээд, ажлаа уялдуулаад хамтраад явах хэрэгтэй баймаар. Ядаж тэр ирсэн гишүүдтэйгээ уулзаад зөвлөлдөөд явуулдаг байгаа даа. Өдөр тутам амьдрал дунд байгаа ҮЗХ-ны гишүүдийн харсан, үзсэн, мэдсэн, ажигласан зүйл, үнэтэй санал бодол ямар ч мундаг даргынхаас илүү. Дарга болохоороо ухаантай болчихлоо гэж андуурдаг гэм бий гэж Б.Чимид дарга байнга хэлдэг сэн. Тэр л болж байх шиг байна.
 
-Тэгвэл та АН-аа гацаагүй ажилладаг, ядахдаа хурлаа хэвийн явуулдаг болгож шинэчлэхийн төлөө эн түрүүнд юу хийх ёстой гэж үзэж байна вэ?
 
-Мэдээж дүрэмдээ суурь өөрчлөлт оруулах хэрэгтэй. Ингэхдээ АН-ын гишүүдээс асууя, гишүүдээ сонсоё, гишүүдээрээ шийдүүлье гэсэн зарчмын байр суурьтай байгаа. Фракциудын зөрчилд идэгдэж, намыг сульдуулсан ҮЗХ-г татан буулгаж, оронд нь АН-ын 600-700 хүний бүрэлдэхүүнтэй Их хуралдай байгуулж, жилд нэг удаа тогтмол хуралддаг өдөртэй болох хэрэгтэй гэж үзэж байна. Их хуралдай ирцээрээ асуудлаа шийддэг байх нь зөв.
 
Тэр өдөр нь намын дарга ИХ-г хуралдуулаагүй, ажлаа тайлагнаагүй бол даргаасаа чөлөөлөгддөг, дараагийн дарга нь томилогдоод, намаа аваад явдаг, гацаагүй ажилладаг болгох хэрэгтэй. Үүнээс гадна АН-ын гишүүнчлэлийг нээлттэй болгож, эрдэм боловсролтой, эрч хүчтэй залуусаар байнга сэлбэгдэж байдаг болох хэрэгтэй. Ахмад, дунд, залуу гурван үеийнхний гагнаас, амьд холбоо, залгамж хамтын ажиллагаа л тууштай үр дүнд хүргэнэ.
 
-Гэхдээ АН-ын гишүүд дүрмээ мөрддөггүй гэж өөрөө өөрсдийгөө шүүмжлэх тохиолдол байдаг. Хэрэв таны хэлсэн жишээг дүрэм болгочихвол хэр олон хүн мөрдөх бол?
 
-Загас толгойноосоо эхэлж мууддаг гэж үг бий. АН-ын дүрмийг хамгийн их зөрчсөн хүмүүс бол АН-ын дарга нар гэдэгтэй маргах хэрэггүй. ҮЗХ-ны гишүүд ажил, амьдралаа зохицуулаад цаг, мөнгөө зараад Улаанбаатарт хэрэг болгоод хүрч ирсээр байхад бах таваа хангаж байгаа юм шиг ирсэн хойно нь, тулгаж байгаад хурал хойшиллоо гэж яаж хэлж чадаж байна аа? АН-ын шинэчлэл дүрмээ мөрддөг даргатай болохоос эхэлнэ. Зарчимтай, алсын хараатай манлайлал АН-ын шинэтгэлийг тодорхойлох ёстой.
 
-ҮЗХ-ны хурлаас намынхаа даргыг шууд сонгох, Их хурлаас сонгох гэсэн хоёр хувилбар дээр гишүүд санал зөрөлдөөд байна гэж хардах хүмүүс байна. Энэ тал дээр та ямар бодолтой байна вэ?
 
-Бүгдээрээ зөвлөлдөөд шийдье л дээ. Миний бодлоор дээрх хоёр хувилбарын аль аль нь буруу гэж бодож байна. Хэдэн хүний тохироогоор сонгогдсон дарга Хурлаа хийхээр л огцорчих гээд байдгийг бид олон удаа харсан. Бид энэ алдаагаа давтаж болохгүй. Ийм учраас АН-ын даргыг дарга нар биш, АН-ын гишүүд, дэмжигчид сонгох эрх дархтай байх ёстой. Энэ удаад бараг ард нийтийн саналаар тодруулсан ч болно гэж бодож байна.
 
-Асуулгүй өнгөрч боломгүй нэг асуулт байна. Хотын дарга Э.Бат-Үүл баатарыг С.Зоригийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн?
 
-Э.Бат-Үүлийн мэдэгдлийг нь сонсоод гайхсан, цочирдсон. 2000 оны сонгуулийн дараа бөөн дуулиан болгож баривчлаад, шалгаад дуусгасан гэж боддог байсан. Ер нь аливаа хүнийг гэмт хэрэгт холбогдуулсан сэжигтэн, яллагдагчаар татна гэдэг хууль зүйн үр дагавартай, ноцтой асуудал. Хэдийгээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдоггүй ч гэлээ, тэдгээр байгууллагын  тодорхой ажлын талаар олон үг хэлээд байх нь миний хувьд зохисгүй гэж бодож байна.
 
-Гэвч та ямар төрийн алба хашиж байгаа биш таныг ажлаа өгснөөс хойш болсон, болж байгаа үйл явдлын талаар ярьж болно биз дээ?
 
-Хувь хүний хувьд хэдэн үг хэлье. Энэ жил, хэдхэн сарын өмнө дээрх хэрэгтэй холбогдуулан саальчин ч бил үү, малчин ч бил үү нэг хүнийг барьж хорьсон, хэрэг үүсгэж байгаа тухай хэвлэлд гарч байсан. Хэрэв тэр үнэн бол өнөөдөр Монгол Улсын баатар Э.Бат-Үүлийг уг хэрэгт хардаж, сэрдэж байгаа юм байна. Тэгэхээр 18 жилийн өмнө гарсан гэмт хэргийн эзэн холбогдогчийг өнөөдөр Монголын тал нутаг дахь малчин, саальчнаас өгсүүлээд талийгаачийн журмын нөхөд, улстөрч гээд олон хүмүүсийн хооронд их л өргөн хүрээнд хайж, шалгаж байгаа нь гайхал төрүүлж байна.
 
Хэргийн хүрээ хумигдах биш, харин ч тэлж, хавтгайрч байна уу даа гэмээр сэтгэгдэл төрж байна. Хэдэн жилийн өмнө Цагдаагийн дарга “Хэргийн хүрээ хумигдлаа” гэж байсан. Үгүй л байж дээ. Энд нэг зүйл онцолж хэлэхэд, Бат-Үүл бол зөвхөн хотын дарга байсан Бат-Үүл биш. Монголд эрх чөлөө, ардчиллыг авчирсан хүмүүсийн нэг. Бат-Үүл бол дэлхийд данстай хүн. Олон улсын хүний эрхийн байгууллага Бат-Үүлийг сэжиглэж байгаа хэргийн мөрдөх ажиллагааг ажиглаж, бас оролцох, хяналт тавих сонирхолтой байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Өнөөдөр бол 1937 он биш.
 
-С.Зоригийг бүрэлгэсэн хэрэг хэзээ, яаж илэрнэ гэж боддог вэ?
 
-Хэрэг илрээсэй л гэж байнга залбирдаг. Гэхдээ би олон жилийн өмнө нэг сонинд ярилцлага өгснөө саналаа.
 
-Ямар ярилцлага?
 
-1990-ээд оны эхээр АНУ-ын Тагнуулын төв газрын том албан тушаалтан Зөвлөлтийн тагнуул байсан тухай дуулиант хэрэг мандсан. Түүнийг яаж баривчилж, мөрдөж, шийтгэхийг, бас ашиглахыг ажигласан юм л даа. Тухайн үед тэр хүнийг баривчлах зөвшөөрөл олгосон шүүх хурлыг ТВ-ээр шууд дамжуулж байсан. Тэр этгээд ч хэргээ удалгүй хүлээсэн. Эх орноосоо урвасан зүйл ангиар шүүхээс насаараа хоригдох ял сонссон.
 
Гэтэл дараа нь холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, товчоор хэлбэл, сул цэгээ мэдэж, ажлаа сайжруулахын тулд АНУ-ын Конгрессийн холбогдох байнгын хорооны зөвшөөрөлтэйгээр уг ялтнаас зөвлөгөө тусламж авч, ажилласан хоногийг нь ял эдэлсэн хоногт тооцож байсан. Тэр жишгээс санаа аваад, бид уучлал, өршөөл зарлаад гэмт этгээдийг ялаас хэлтрүүлэнгээ хууль хяналтын байгууллагынхаа ажлыг сайжруулах, тийм гэмт хэрэг давтагдахаас урьдчилан сэргийлэх талаар ажиллаж болох юм биш үү гэсэн утгатай ярилцлагыг олон жилийн өмнө  өгч байсан.
     
-Та тэр урвагч, тагнуулчийг мөрдсөн, шийтгэсэн, бас ашигласан хэргийн нарийн ширийнийг яаж сайн мэдээд байна. АНУ-д ажиллаж байсан юм уу?
 
-Тэр үед АНУ-ын Вашингтоны Их Сургууль, Конгрессийн номын сан, Сенатын шүүхийн хороонд судалгаа хийж,  Үндсэн хуулийн эрх зүй, хүний эрх, үндэсний аюулгүй  байдал зэрэг хичээлд сууж байсан болохоор ТВ үзэх, ном сонин унших завтай байсан. Миний дээр хэлдэг зүйл бол хэвлэл мэдээллийн нээлттэй эх сурвалжаас олж мэдсэн зүйл. Эх орноосоо урвасан онц хүнд ялтай гэмт хэргийн талаар ч гэсэн нийгэмд тодорхой мэдээлэл өгөхөөс гадна, шаардлагатай гэж үзвэл мэдлэг чадварыг нь төрд ашигладаг нь их содон харагдаж байсан.  
 
-Та бол Бат-Үүл баатарыг буруутай гэж огт үзэхгүй байгаа юм байна. Тийм үү?
 
-Тийм ээ. Бат-Үүл бол ямар нэгэн хариу төлбөр нэхэхгүйгээр бусдын сайн сайхны төлөө, улсынхаа төлөө амиа золихоос буцахгүй тийм үзэл бодолтой, хүмүүжилтэй хүн гэж би боддог, хүндэтгэдэг. Ардчилалд хүндрэл учрах болгонд зөвлөлддөг цөөн хүний нэг. Ний нуугүй хэлэхэд, чамайг ийм асуулт асууж байгаад чинь гайхаж байна.
 
-Бат-Үүл баатарын малгай тэднийхээс олдсон гэдгээр нь буруутгаад байдаг шүү дээ?
 
-Энэ талаар Бат-Үүл олон удаа хэлж ярьсан биз дээ. Цагдаагийн хурандаа ч бил үү, ямар ч байсан нэр устай нэг офицер Бат-Үүлийн гэрт нь ирээд аймшигт хэрэг гарсан тухай дуулгаад Бат-Үүлийг дагуулаад талийгаачийн гэрт хамт очсон гэж байгаа. Айдас цочролд автсан, бухимдсан олон хүн үймж байсан гэж байгаа. Тийм орчинд очоод, гарахдаа хүн малгайгаа байтугай пальтогоо, ухаанаа ч орхиж болно шүү дээ. Үүнийг мухарлахад 18 жил хэрэгтэй болсон гэж үү? Бат-Үүлд алиби (alibi) байгаа бол түүнийгээ л нотлуулахад хангалттай баймаар.  
 
-“Алиби” гэж юу гэсэн үг болохыг уншигчдад тайлбарлаач?
 
-Гэмт хэрэг үйлдэгдэх үед сэжигтэн өөр газарт байсныгаа бусад гэрч, баримтаар нотлохыг хэлж байгаа юм. Алиби нь нотлогдвол уг сэжигтэнийг нэн даруй суллаж, цагаатгах ёстой. Энэ бол эрүүгийн эрх зүйн сонгодог зарчим. Энэ бол аль Ромын эрх зүйгээс эхтэй боловч, эдүгээ заавал мөрдөгдөх олон улсын хэм хэмжээ. Өөрөөр хэлбэл, Бат-Үүл тэр аймшигт гэмт хэрэг үйлдэгдэх мөчид өөр газар, тухайлбал гэртээ унтаж байсан гэдгээ нотлоход л хангалттай гэсэн үг.   
 
-Тэгвэл ямар зорилгоор Бат-Үүл баатарыг дахин дахин шалгаад байгаа юм бол. Ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуультай ч холбож байх шиг?
 
-Зорилгодоо байна уу, арга барилдаа байна уу харж л байя. За бид хоёрын яриа намын шинэчлэлийн сэдвээсээ багагүй хальчихлаа. Мэдээж Бат-Үүлийн асуудал ч бас шударга ёсны шалгуур дор явагдах ёстой. Тэр утгаар өөрийн байр суурийг хэллээ. Цаашид шинэчлэлийг өргөн хүрээнд, цэгцтэй, бодлогын суурьтай харж байгаа. Намын шинэчлэлд сэтгэл зүрх, гар бие, мэдлэг боловсролоо дайчлах, өөрчлөлтийг хүсч буй иргэн бүрт хамтран ажиллах санал тавьж байна. 
-За танд их баярлалаа. Намын шинэчлэлийн ажилд нь амжилт хүсье.
 
Т.Давааням
Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин