sonin.mn
БСШУС-ын сайд Ж.Батсуурь энэ сарын 18-19-нд орон нутагт ажиллалаа.
 
Сайдаар томилогдсоноос хойшхи анхны томилолтоо Өвөрхангай, Баянхонгор аймгаас эхэлсэн тэрбээр салбарын ажилтан, албан хаагчидтай уулзаж боловсрол, соёл, спортын байгууллагуудын үйл ажиллагаатай танилцсан юм.
 
Салбарын сайд орон нутагт ажиллах үеэрээ “Үдийн цай”, цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө болон бусад урсгал зардлаас үүсээд байсан өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэснээ дуулгалаа. Тодруулбал, Өвөрхангай аймагт 680 сая, Баянхонгор аймагт 380 сая төгрөгийн өр төлбөр хуримтлагдаад байсныг БСШУС-ын сайд Ж.Батсуурь төсвийн тодотголд суулгаж, шийдвэрлэлээ. Мөн удахгүй тохиох “Монголын багш нарын өдөр”-ийг тохиолдуулан ажил, үйлсээрээ хамт олноо манлайлсан багш, ажилчдыг шагнаж, урамшуулав. 
 
 
Өвөрхангай аймагт 400 гаруй иргэн соёлын өвийг хамгаалж байна
 
БСШУС-ын сайд Ж.Батсуурь Өвөрхангай аймагт салбарын багш, ажилтан албан хаагчидтай хийсэн уулзалтын үеэр Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг танилцуулж, цаашид хийж, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар товч мэдээлэл хийлээ. Мөн орон нутагт ажиллах үеэрээ царцаагдсан барилга, объекттэй газар дээр нь танилцсан юм. Өвөрхангай аймгийн Уянга сумын соёлын төвийн барилгын ажлыг дуусгах шаардлагатай байгаа бөгөөд Тарагт, Гучин-Ус сумдын соёлын төвийн барилгын насжилт дууссан, ашиглалтын шаардлага хангахгүй болсон гэв. 
 
Мөн уулзалтын үеэр соёлын байгууллагуудын ажилтан, албан хаагчдын нийгмийн хангамж, цалин хөлсний асуудлыг тодорхой шат дарааллаар нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг салбарын сайдаас хүслээ. БСШУCЯ-ны хувьд Соёлын тухай хуулийг УИХ-д өргөн барихаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа бөгөөд тус хуульд салбарын ажилтан, албан хаагчдын цалин, нийгмийн хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэхээр тусгажээ. Тус аймагт одоогоор соёлын өвийг хамгаалагч 400 гаруй иргэн байдаг аж.
 
Цаашид соёлын өвийг хамгаалагч иргэдэд олгодог урамшууллыг тогтмол олгосноор иргэдийн идэвх нэмэгдэж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой талаар Арвайхээр сумын Алтан тал багийн иргэн хэлж байв. Улсын хэмжээнд боловсролын салбарт царцаагдсан барилга, объект 300 гаруй ширхэг байгааг салбарын сайд уулзалтын үеэр мэдээллээ. Арвайхээр суманд баригдаж буй “Мэргэд” сургуулийн шинэ байрны ажил 2014 оны есдүгээр сард эхэлжээ. 
 
Гэвч өнөөг хүртэл ашиглалтад ороогүй байна. “Мэргэд” сургууль 350 хүүхдийн суудалтай боловч өнөөдрийн байдлаар 1080 хүүхэд суралцаж байгаа гэв. 3.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй, 950 хүүхдийн суудалтай сургуулийн шинэ байрны барилгын ажилд эдүгээ 1.9 тэрбум төгрөг дутуу байгаа гэв. “Аж констракшн” ХХК гүйцэтгэгчээр нь ажиллаж байгаа тус сургуулийн барилгын ажлыг яаралтай дуусгаж, төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад оруулахыг Ж.Батсуурь сайд үүрэг болголоо. Үүний дараа салбарын сайд  тус аймгийн нэгдүгээр сургуулийн багш, албан хаагчидтай уулзалт хийсэн юм.
 
 
Баянхонгор аймгийн V сургуулийн барилгын ажлыг түргэвчлэхийг даалгалаа
 
Ж.Батсуурь сайд энэ сарын 19-нд Баянхонгор аймагт ажиллалаа. Тэрбээр тус аймгийн Өлзийт сумын дунд сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.  90 жилийн түүхтэй тус сургуульд эдүгээ 500 гаруй хүүхэд суралцаж, хоёр дотуур байртайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Энэ хичээлийн жилд нэгдүгээр ангид 70 гаруй зургаан настан элсэх байсан боловч 44  хүүхэд  элсчээ. Учир нь зарим эцэг, эхчүүд  малчдын хүүхэд найман настай ч сургуульд суралцаж болно гэсний дагуу энэ хичээлийн жилд сургуульд элсүүлээгүй талаар захирал н.Хишигбат ярьж байна. Харин БСШУС-ын сайд Ж.Батсуурь “Малчны хүүхэд найман настай нэгдүгээр ангид элсэх нь оновчтой шийдэл биш. Малчны хүүхэд найман настай сургуульд элсвэл 20 настай 12 дугаар ангиа төгсөх болох нь. Ингэж хүүхдийг хохироож болохгүй. Энэ асуудлыг эцэг, эхчүүдэд аль болох зөвөөр ойлгуулж, хугацаанд нь элсүүлж байхыг анхааруулах хэрэгтэй” гэв. 
 
 
Өлзийт сумын бүрэн дунд сумын сургуулийн халаалтын асуудлыг шийдвэрлэж өгөхийг хүсэв. Хариуд нь салбарын сайд энэ жил төсөв, хөрөнгө хүндрэлтэй байгаа ч орон нутаг өөрсдийн боломжоор шийдвэрлэхийг аймгийн Засаг даргад үүрэг болголоо. Баянхонгор аймгийн хэмжээнд  нийт 30 гаруй сургууль, 20 гаруй цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, эдгээрт 16883 хүүхэд суралцаж, 800 гаруй багш, ажиллагсад ажиллаж байна. Тус аймагт концессийн гэрээгээр зургаан цэцэрлэг барихаас дөрвийнх нь барилгын ажил эхэлжээ. Дээрх цэцэрлэгүүдийг ирэх арваннэгдүгээр сард ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. 
 
Харин хоёрынх нь барилгын ажил огт эхлээгүй тул түр хойшлуулаад байна. Баянхонгор аймгийн төвд V  сургуулийн барилгын ажил 2014 онд эхэлсэн ч эдүгээ 60 гаруй хувьтай байгаа аж. Тус сургуулийн барилгын ажил нийт  5.3 тэрбум төгрөгийн төсөвтэй ч өнөөдрийн байдлаар санхүүжилт бүрэн хийгдээгүй гэв. Мөн тус аймгийн “Номуун далай” цогцолбор сургууль, Байгалийн болон Түүхийн музейн барилгын насжилт  дуусч, ашиглах боломжгүй болжээ. Мөн “Тэмүүжин” театрын барилгын чанар муудсан гэв. БСШУС-ын сайд Ж.Батсуурь нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, баригдаж дуусгаагүй орхисон сургууль, цэцэрлэг, соёлын төвийн барилгуудыг дуусгахыг холбогдох хүмүүст үүрэг чиглэл өглөө.