sonin.mn
НҮБ./TASS/. БНСУ дүрвэгчдэд тусламж болгож 230 сая доллар өгөхөөр шийдвэрлэсэн тухай тус улсын Гадаад хэргийн сайд Юн Бён Се өчигдөр НҮБ-ын төв байранд мэдэгдлээ.
 
Тэрбээр дүрвэгчдийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалтад оролцон үг хэлэхдээ “сүүлийн хэдэн жилийн хугацаанд манай улс Сири болон Иракийн дүрвэгчдэд тусламж болгож 50 сая доллар өгсөн” гэж дурджээ. Түүнээс гадна, Афганистаны иргэдэд ч мөн адил тусалж байгаа гэдгийг Өмнөд Солонгосын сайд хэлсэн байна.
Түүний хэлснээр, ирэх гурван жилийн хугацаанд дээр дурдсан 230 сая долларыг хүмүүнлэгийн тусламжийн олон талт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд зориулан олгох ажээ.
 
Үүний зэрэгцээ орон гэрээ орхин дүрвэхээс аргагүйд хүрсэн Зүүн Өмнөд Азийн орнуудын иргэдийг БНСУ хүлээн авсаар байгаа гэдгийг сайд сануулан дурдлаа. Тэрбээр цааш нь хэлэхдээ “хүнд байдалд байгаа дүрвэгчдийг амьдралын бололцоо нөхцлөөр хангахын тулд Өмнөд Солонгосын зарим хуулиудад өөрчлөлт орно” гэдгийг хэлээд, бусад орнууд ч мөн адил ийм алхам хийхийг уриалсан байна.  
 
Х.Сарнай 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг