sonin.mn
НҮБ. /NHK/. Ирэх оны нэгдүгээр сард албан тушаалаа өгөх гэж буй АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд сүүлчийн удаа үг хэлэхдээ, дэлхийн улс орнуудыг эвлэлдэн нэгдэж, хамтран ажиллахыг уриаллаа.
 
2008 оны санхүүгийн хямралаас хойш дэлхийн эдийн засаг дахин сэргэж, Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаар гэрээ байгуулсан. Гэвч терроризм, дүрвэгсдийн асуудал болон олон улсын хуулийн дагуу тавьсан хязгаарлалтуудыг их гүрнүүд эсэргүүцэх гэх мэт асуудлууд гарч ирсээр байна гэж тэрбээр мэдэгджээ. Их гүрнүүд гэдэг нь Орос, Хятад хоёрыг хэлсэн бололтой.
 
Хатуу чиг шугам баримтлал бүхий үндсэрхэг үзэл, шашны фундаменталист үзэл, популист үзэл газар авч байгааг тэрбээр анхааруулаад, интеграци болон хамтын ажиллагааны илүү сайн загварыг сонгон урагшлах эсвэл дэлхий дахиныг үндэс угсаа, арьсны өнгө, шашин шүтлэгээр нь хувааж болзошгүй зам хоёрын аль нэгийг улс орнууд сонгох хэрэгтэй болж байна гэж анхааруулжээ.
 
Үүний зэрэгцээ тэрбээр Мексиктэй залгаа хилд хана барина гэж мэдэгдсэн Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампыг тойруу замаар шүүмжлээд, ердөө нэг хана бариад, үүнийгээ нийгэмд нөлөө үзүүлэхээс сэргийлэхэд ашиглана гэвэл дэлхий ертөнц дэндүү жижигдэнэ гэсэн байна. .
Мөн тэрбээр цөмийн туршилт хийхээс татгалзахыг бүх улс орнуудад уриалсан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг батлахын төлөө ажиллана гэдгээ дурдаад,  АНУ зэрэг цөмийн зэвсэгтэй орнууд цөмийн зэвсгийн нөөцөө багасгах, цөмийн туршилт хэзээ ч хийхгүй гэсэн шаардлага, хэм хэмжээг дагаж мөрдөх үүрэг хариуцлага хүлээж байгааг онцлон тэмдэглэлээ.
 
Д.Нямтулга
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг