sonin.mn
СИНГАПУР./TASS/. Индонез улсын чинээлэг иргэд 250 тэрбум гаруй долларыг улс орноосоо гаргаж, Сингапурын банкуудад хадгалж байна. Мягмар гарагт Индонезийн Сангийн сайд Сри Мульяни Индравати Үндсэн хуулийн цэцийн тусгай хуралдаанд оролцохдоо энэ тухай мэдээлжээ.  
 
Индонезид зарласан татварын өршөөлд хамрагдахыг хүссэн иргэд Сингапурын банкууд дахь дансандаа байгаа 8,8 тэрбум долларыг өнгөрсөн долоо хоногт орлогын мэдүүлэгтээ дурдсан байна.
 
Үүний сацуу Сингапурын Төв банк мэдэгдэхдээ “шаардлагатай тохиолдолд сэжиг бүхий мөнгөн гуйвуулгын талаар тайлбар хийхийг данс эзэмшигчээс шаардана, гэхдээ тухайн авсан мэдээллийг хуулийн байгууллагад өгнө гэсэн үг биш” гэсэн байна.
 
Энэ оны 6 дугаар сард Индонезийн парламентаас баталсан татварын өршөөлийн хуульд зааснаар, өмнө нь мэдүүлээгүй байсан орлогоо ил болгосон иргэд 2-10 хувийн татвар төлөх ёстой аж. Түүнээс гадна, гадаадаас буцаан оруулж ирсэн мөнгөөр төрийн мэдлийн үйлдвэр, аж ахуйн газруудад наад зах нь гурван жилийн хугацаанд хөрөнгө оруулалт хийх ёстой гэнэ.
 
Д.Нямтулга
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг