sonin.mn
Нэр бүхий таван яамны Төрийн нарийн бичгийн дарга нарын томилгоог өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх болжээ. 
 
Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлуудын "Бусад" гэсэн хэсэгт дээрх томилгооны асуудал орж буй бөгөөд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат танилцуулах юм байна. Төрийн албаны зөвлөлөөс 21 хоногийн хугацаатай сонгон шалгаруулалтад тэнцсэн учир Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Баясгалан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Өнөрбаяр, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Г.Нандинжаргал, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Баяртулга, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Д.Даваасүрэн нарыг батламжлаад байсан. Тиймээс уг томилгоог Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх юм. 
 
Харин Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан өмнөх хүмүүс шүүхэд гомдол гаргасан тул Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүгчээс ирүүлсэн захирамжийг хэрэгжүүлж, сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлөөс хойшлуулаад байгаа юм. 
Засгийн газрын 8 дугаар сарын 3-ны хуралдаанаараа Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ц.Цэнгэлийг, Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ж.Бат-Эрдэнийг тус тус томилсон.
Дашрамд дурдахад Засгийн газрын хуралдаан өнөөдөр 13.00 цагаас хуралдахаар товоо өөрчилжээ. 
 
Н.Туяа
Гэрэл зургийг Н.Батбаяр
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг