sonin.mn
Нийслэлийн Засаг дарга С.Батболд өнөөдөр НИТХ-ын дарга Ц.Сандуйд 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө өргөн барив.
 
2016 оны НИТХ-ын сонгуульд Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрөөр оролцсон МАН олонхын санал авсан. Улаанбаатар хотын 1 сая 350 мянган иргэдийн ая тухтай байдлыг хангах, эдийн засгийн нөхцөл байдлыг дээшлүүлэх чиглэлд ажиллахаар үйл ажиллагааны хөтөлбөрөө боловсруулсан хэмээн НЗД онцлов.
 
Тэрбээр, “Улаанбаатар хот бие даасан эдийн засагтай, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий Зүүн хойд Азийн аялал жуулчлал, бизнес, эдийн засгийн төв байх зорилт тавьж байна. Гадны хөрөнгө оруулагчдыг урин дуудаж, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих бодлого баримтална. Өөрөөр хэлбэл, бидний нэн тэргүүний зорилт бол эдийн засгийн хөгжил юм. Түүнчлэн агаарын бохирдлыг бууруулах асуудал бидний гол зорилтуудын нэг. Түүхий нүүрсний хэрэглээг зогсоох, шаталт сайтай, утаа гаргадаггүй зуух нэвтрүүлэх, автомашинаас гарч буй утааг бууруулах, уурын зуухнуудыг цөөрүүлэх зэрэг цогц арга хэмжээ хэрэгжүүлнэ. Цаашдаа нийслэлийг хийн түлшээр хангах зорилт тавьж байна. Дэлхийн томоохон хотуудын агаарын бохирдлоо бууруулахд хийн түлш томоохон үүрэг гүйцэтгэсэн. Тиймээс энэ чиглэлээр Засгийн газартай хамтран ажиллана. 4 жилийн хугацаанд дээрх ажлуудыг хийж амжихгүй ч эхлэлийг нь тавих хэрэгтэй” гэлээ.
 
НИТХ-ын дарга Ц.Сандуй “Нийслэлийн удирдлагуудын гаргаж буй шийдвэр бүр иргэнээ дээдэлсэн, оновчтой, хүртээмжтэй байх ёстой. Сүүлийн 4 жилийн хугацаанд иргэдийн амжиргааны түвшин ихээхэн буурсан. Тиймээс ажилгүйдэл, ядуурлыг бууруулахад анхаарлаа хандуулах хэрэгтэй. Сонгуулийн үеэр бидний өгсөн амлалтад 4 жилийн дараа иргэд дүгнэнэ. Тиймээс НЗД-ын үйл ажиллагааны хөтөлбөрт бидний өгсөн амлалтыг бүрэн тусгасан гэдэгт эргэлзэхгүй байна” гэлээ.
Энэ үеэр сэтгүүлчид сонирхсон асуултандаа хариулт авлаа.
 
-Эдийн засгийн хувьд хараат бус байна гэсэн. Үүнийгээ тодруулахгүй юу?
 
-Сүүлийн үед гаднаас ирж хөрөнгө оруулалт Улаанбаатар хотын дэд бүтцийг хөгжүүлэх, цэвэрлэх байгууламж, усан хангамж, хог боловсруулах асуудлыг шийдэхэд чиглэж байгаа. Тийм учраас Улаанбаатар хот хөрөнгө оруулагчидтай бие даан гэрээ, хэлэлцээр байгуулдаг болох чиглэлээр эрхзүйн орчин бүрдүүлэх юм.
 
-Нийслэлийн төсөв хэдэн төгрөг вэ?
 
-Улаанбаатар хотын төсөв ойролцоогоор 600 тэрбум төгрөг байдаг. Үүнийг нэмэх хэрэгтэй. Бид нийслэлээ хөгжүүлэхийн тулд гаднаас хөрөнгө оруулалт татахад анхаарч, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжинэ. Ингэснээр нийслэлийн хөгжилд зөвхөн төсвийн мөнгө зарцуулах бус хэдэн их наядаар тоологдох хөрөнгө оруулалтыг зориулна.
 
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжлүүлэх үү?
 
-Бид гэр хорооллыг гурван чиглэлээр хөгжүүлнэ. Нэгдүгээрт, одоо хэрэгжиж буй дахин төлөвлөлтийн ажлыг үргэлжлүүлнэ. Хоёрдугаарт, хэсэгчилсэн дэд бүтцийн асуудлыг шийднэ. Өөрөөр хэлбэл, гудамж, хороогоор нь хэсэгчилж, автозам, шугам хоолой зэрэг дэд бүтцийн асуудлыг шийдэх юм. Гуравдугаарт, иргэн эзэмшиж буй газартаа тохилог орон сууц барьж, өөрөө дэд бүтцээ байгуулахад нь дэмжлэг үзүүлнэ.
 
-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн улмаас хохирсон буюу хугацаандаа байрандаа орж чадаагүй иргэдийн хохирлыг хэрхэн барагдуулах вэ?
 
-Өнгөрсөн хугацаанд НОСК иргэн, аж ахуйн нэгжүүдийг холбох чиглэлд ажиллаж байсан ч саяхан татан буугдсан. Тиймээс энэ асуудлыг шинээр байгуулагдсан Гэр хорооллын дэд бүтцийн хөгжлийн газар шийдэх болно.
 
Ч.Ариунболд
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг