sonin.mn
ВАШИНГТОН. /ВВС/. Өнгөрсөн даваа гарагт Сирийн Алеппо хотын ойролцоо явж байсан тусламжийн цуваа агаарын цохилтод өртсөн билээ. Үүнтэй холбогдуулан "энэ аймшигтай халдлагын хариуцлагыг ОХУ хүлээх ёстой" гэж АНУ мэдэгдсэн байна.
 
АНУ-ын албаны хүмүүс “ВВС”-д ярилцлага өгөхдөө, Оросын хоёр байлдааны нисэх онгоц агаараас цохилт өгсөн гэжээ. 
Харин ОХУ-ын тал үүнийг няцааж "манай болон Сирийн нисэх онгоцууд цохилт өгөөгүй, энэ хэрэг явдал хуурай газарт мөргөлдөөн болох үеэр гарсан" гэжээ.
“Агаарын цохилтоос үүсдэг тогоо тэнд байгаагүй бөгөөд нисэх онгоцноос хаясан бөмбөгний дэлбэрэлтээс үүссэн ул мөр ачааны машинуудын эргэн тойронд байгаагүй” гэж Оросын Батлан хамгаалах яам мэдэгдсэн байна.
 
Мөн ОХУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “АНУ-ын Засгийн газарт энэ мэдэгдлээ батлах баримт нотолгоо байхгүй. Энэ хэрэг явдалд манай улс ямар ч хамаагүй” гэжээ. 
 
Д.Нямтулга
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг