sonin.mn
Оны эхний найман сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өнгөрсөн оны мөн үеэс 10.9 хувиар буюу 631.6 сая ам.доллараар буурч 5166.8 сая ам.долларт хүрлээ хэмээн Монголбанкнаас мэдээллээ.
 
Ийнхүү буурахад экспорт 7.9 хувиар буюу 258.2 сая ам.доллараар, импорт 14.7 хувиар буюу 373.3 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлжээ. Экспортын дүн импортын дүнгээс 819.9 сая ам.доллараар давж гадаад худалдааны тэнцэл ашигтай гарсан нь өнгөрсөн оны мөн үеэс 115.1 сая ам.доллараар өссөн үзүүлэлт болжээ.
 
Валютын төлбөртэй худалдааны тэнцэл эхний 8 сарын гүйцэтгэлээр 801.5 сая ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеэс 59.3 сая ам.доллараар буурсан байна. Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл, нийт бараа эргэлтийн 60.5 хувь буюу 3123.7 сая ам.долларын худалдааг БНХАУ улстай, 11.9 хувь буюу 612.6 сая ам.долларын худалдааг ОХУ-тай хийжээ.
 
БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 15.0 хувиар, ОХУ-тай хийсэн худалдаа 16.5 хувиар тус тус буурсан байна.
Гадаад худалдааны нөхцөлийн индекс  өмнөх оны мөн үеэс 11.0 хувиар, өмнөх сараас 5.9 хувиар буурч 1.149-д хүрчээ. Хөрөнгө оруулалтын барааны импортын үнэ өсч, зэсийн баяжмалын экспортын үнэ буурснаас худалдааны нөхцөл өмнөх сараас бууралттай байна.
 
Б.Заяа
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг