sonin.mn
НҮБ./TASS/. Саудын Арави улс дүрвэгчдэд туслах олон улсын хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд зориулж 75 сая хандивлаж байна.
 
Энэ тухай тус улсын угсаа залгамжилсан хунтайж Мухаммед бен Наиф бен Абдулазиз Аль Сауд НҮБ-ын төв байранд болж буй дүрвэгчдийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалтад оролцон үг хэлэхдээ мэдэгдэв.
 
“Манай улсын эзэн хаан Сальман бен Абдель Азиз Аль Сауд-ын нэрийн өмнөөс энэхүү 75 сая долларыг дүрвэгчдэд тусламж үзүүлэхэд хандивлаж байгааг бахархалтайгаар мэдэгдье” гэж хунтайж хэлсэн байна. Тэрбээр мөн “энэ оны эхээр манай улс Палестины дүрвэгчдэд туслах Ойрхи Дорнодын агентлагт 95 сая доллар шилжүүлсэн” гэж дурджээ.
 
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обамагийн санаачилгаар болж буй дүрвэгчдийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалтад оролцогч орнуудын төрийн тэргүүн нар 360 мянган дүрвэгчдийг хүлээн авахад бэлэн гэдгээ одоогийн байдлаар амлаад байна. Түүнээс гадна, уулзалтын төгсгөлд гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, 2016 онд олон улсын хандивлагчид НҮБ-ын хүмүүнлэгийн хөтөлбөрүүдэд зориулан олгож буй хандиваа 4,5 тэрбум доллароор нэмэгдүүлжээ.
 
Үүний хариуд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн дүрвэгчдийг хүлээж авах үүрэг амлалт авсан улс орнуудад талархал илэрхийлсэн байна. Одоогийн байдлаар, 1,2 сая дүрвэгчид маш хүнд байдалд ороод байгаа учраас тэднийг нэн түрүүнд оршин суух нөхцөл боломжоор хангахыг НҮБ-ын тэргүүн улс орнуудад уриалжээ.
 
Д.Нямтулга  
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг