sonin.mn
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэл өчигдөр АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Тогт­вортой хөгжил-2030” хөтөлбөрийг баталсны нэг жилийн ойд зориулсан “SDG Moment” өндөр түвшний арга хэмжээ болон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн нээлтийн ажиллагаанд оролцсон байна.
 
Ерөнхий ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийг нээж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн  үг хэлэхдээ “Сири болон Өмнөд Судан улсад болж буй дайн, зэвсэгт мөргөлдөөн, өлсгөлөн ядуурлыг зогсоох хүч дэлхий нийтэд байгаа. Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр дэлхий нийтэд заналхийлж байгаа тул үүний эсрэг дэлхий нийтээр тэмцэх”-ийг уриалав.
 
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Ерөнхий санал шүүмжлэлд хэлсэн үгэндээ олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлсэн юм. Үүний зэрэгцээ Монголын төр засгаас хэрэгжүүлж буй гадаад бодлогын зорилт, тэргүүлэх чиглэл, нийгэм, эдийн засгийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааг танилцуулжээ.
 
Монгол Улс хүний эрхийг дээдэлж, цаазын ялыг халсан талаарх Ерөнхийлөгчийн үгийг чуулганы танхим дахь зочид талархалтайгаар хүлээн авсан байна. Тэрээр хэлэлцэж буй сэдэвтэй холбоотой “Ард иргэд, энх тайван, хөгжил цэцэглэлт, түншлэлийн төлөө, манай гаригийн төлөөх “Тогтвортой хөгжил– 2030” хөтөлбөрийг бид өнгөрсөн жил хамтдаа баталсан. Дэлхий дахинаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэгэн шинэ хуудсыг өнгөрсөн арванхоёрдугаар сард Парис хотноо нээсэн. Даян дэлхийн хамтын нийгэмлэг ирэх 15 жилд хамтдаа зүтгэх замын зургаа гаргалаа. “Тогтвортой хөгжил – 2030” хөтөлбөр, Парисын хэлэлцээр нь амласнаа биелүүлэх бидний хөтөч байх болно” гэжээ.
 
Мөн Ерөнхийлөгч “Терроризм нийт хүн төрөлхтний нийтлэг сорилт болоод байна. Энэ нь үндэсний аюулгүй байдал, дэлхий нийтийн дэгт заналхийлж байгаа”-г онцолсон юм.
 
Өнгөрсөн жилийн чуулга уулзалтаар дэлхий нийтийн хөгжлийг чиглүүлэх “Тогтвортой хөгжлийн-2030” хөтөлбөрийг баталсан бол 71 дэх удаагийн Ерөнхий Ассамблейн чуулганаар 168 багц асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ.  71 дэх удаагийн чуулганы анхаарал татсан нэг том сэдэв нь Умард Солонгосын асуудал байв. Тус улс саяхан НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолуудыг зөрчин тав дахь удаагаа цөмийн туршилт хийсэн.
 
Дэлхийн энх тайван, аюулгүй байдалд заналхийлсэн Пхеньяны энэ алхмыг олон улс эсэргүүцэж байгаагаа илэрхийлжээ. Чуулганы үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама нэгэн таатай мэдээг дуулгасан байна. Түүний бүрэн эрхийн хугацааныхаа сүүлчийн чуулганд оролцохдоо дүрвэгчдийн асуудлаар хэлсэн үгийг дэлхийн хэвлэлүүд онцлон мэдээлж байна. Энэ жил дэлхийн 50 улс 340 мянган дүрвэгч хүлээн авах болсон гэсэн таатай мэдээг Барак Обама дуулгасан байна.
 
Д.Цэцэг
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин