sonin.mn
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийнЯаралтай тусламж, сэхээн амьдруулахэрчимт эмчилгээний тасгийн эрхлэгчЧ.Цэцэгээтэй ярилцлаа.
 
-Өглөө, оройдоо сэрүүн байдаг болчихлоо.Үүнээс болж хүүхдүүд ханиад их хүрч байна.Энэ талаар яриагаа эхэлье?
 
-Нэгдүгээрт, хүйтэн сэрүүний улирал, хоёрдугаарт, томуу, томуу төст өвчний идэвхжилийн үе эхлэх гэж байна. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд цугларсан энэ үед нэг ханиадтай хүүхэд байхад тухайн ангийн бүх хүүхдэд тэр вирус халдварлана. Дээрээс нь суулгалт, гэдэсний халдвар, янз бүрийн өвчин нэлээд гарч байна. Энэ сарын 16-наас хойш манай эмнэлэгт хүүхдүүд хэвтэх нь нэмэгдсэн. Энэ нь дээрх шалтгаануудтай холбоотой.
 
Эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүрч нус нь гоожсон, халуунтай байхад цэцэрлэг, сургуульд нь явуулдаг. Ингэснээр хүүхдийнх нь өвчин хүндэрч, анги, хамт олонд вирусын халдвар тарааж байгаа гэдгийг ойлгодоггүй. Тиймээс нэгдүгээрт, хүүхдийнхээ өвчнийг хүндрүүлэхгүй, хоёрдугаарт, бусад хүүхдэд вирусын халдвар тараахгүй байхыг анхаарах хэрэгтэй.
 
-Ханиад суулгалт бусад өвчинтэй хавсарсан байдалтай байгаа гэв үү?
 
-Суулгалт өвчинтэй хавсрах, бөөлжиж, суулгах, халуурах, хоол унданд дургүй болох шинж давхар хавсарсан нь элбэг байна. Сүүлийн үед өглөө, оройдоо сэрүүн байгаа учраас хүүхдийнхээ хувцаслалтыг тохируулах хэрэгтэй. Хоёрдугаарт, витаминлаг хоол хүнсийг өргөн хэрэглэх нь чухал. Тухайлбал, чацаргана болон төрөл бүрийн жимсний шүүсийг буцалгаж өгөх хэрэгтэй.
 
Энэ нь аминдэмээр баялаг учраас ханиад томуунаас сэргийлэх, дархлаа дэмжих ач холбогдолтой. Ер нь ханиад томуу, суулгалт өвчин амьсгалын замаар халдахаас гадна гарын ариун цэврийг сайн сахих хэрэгтэй. Эцэг эхчүүд хүүхдээ хооллохдоо гараа угаадаг ч хүүхдийнхээ гарыг угаадаггүй. Ялангуяа, нэг нас таван сартайгаас дээш насны хүүхдүүдийн гарыг сайн угааж байх нь чухал.
 
-Тэгвэл суулгалт өвчин юунаас болж гарч байна вэ?
 
-Шалтгаан нь вирусын, ангины гаралтай байж болно. Сүүлийн үед нянгийн халдвар их гарч байгаа. Хүүхдүүд гадаа зарж байгаа, наранд удаан байсан самар, жимс авч идснээс хордож, гэдэсний халдвар авч байна. Гэдэсний халдвараар өвчилж өндөр халуурсандаа татах тохиолдол ч их гарч байгаа. Татах нь аюултай шинжид ордог. Хүүхдийн халууныг тодорхой хэмжээнд бууруулж байж ийш тийш нь авч явахгүй бол замдаа татах аюул ойрхон байдаг. Ер нь өрхийн эмчдээ үзүүлээд эмнэлэгт хэвтэх шаардлагатай гэсэн бичгээр манайд ирж хэвтдэг. Сүүлийн үед өрхийн эмчдээ үзүүлэхгүй түргэн дуудаад энд ирсэн хүүхдүүд байгаа. Манайх II шатлалын хэвтүүлэн эмчлэх эмнэлэг боловч амбулаторийн үзлэг, ачаалал ихэссэн.              
 
-Өчигдөр орой гэхэд 20 гаруй хүүхэд ирсэн гэсэн. Хэдээс хэдэн насны хүүхдүүд байна вэ?
 
-Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдээс гадна оюутан, залуучууд ч ханиад томуу хүрч байна. Эцэг эхчүүд бага насны хүүхдээ халуурахад халууныг нь үзэхгүйгээр дур мэдэн эм өгдөг. Халуун бууруулах эм цус шингэлэх, задлах нөлөөтэй учраас хүүхдэд халууны эмийн тун хэтэрвэл эмийн хүчтэй хордлогонд орж элэг, дэлүү бусад эрхтэн системийг гэмтээх, цус алдах шинж илэрдэг. Хүүхдийн халууныг 37.5-аас дээш тохиолдолд нойтон алчуураар биеийг нь арчих, хүйтэн жин тавих, шингэнийг ердийнхөөс их уулгах хэрэгтэй. Халуун нь 38 хүрсэн тохиолдолд эмчээс зөвлөгөө авч парацетамолыг лаа юм уу уухаар насанд нь тохирсон тунгаар хэрэглэж болно.
 
-Ер нь өдөрт хэдэн хүүхэд ирдэг юм бэ?
 
-Яаралтай тусламжаар ирж үзүүлж байгаа хүүхэд бол амралтын өдөр 80-100, ажлын өдөр 35-50 хооронд байна. Энэ нь ханиад томуу ихэссэнтэй холбоотой. Ажлын өдөр 15-20, амралтын өдөр 20-25 хүүхэд ирж хэвтэж байна. Үүнийг бид томуугийн улирал эхэлж байгаа анхны шинж гэж үзэж байгаа. Цаашид энэ тоо нэмэгдэнэ. Үүнээс урьдчилан сэргийлэх гол арга бол хүүхдэд тохирсон дулаан хувцас өмсүүлэх, витаминжуулах, ариун цэвэр сахих, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийх, салхинд сайн гаргах хэрэгтэй.   
 
Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин