sonin.mn
Украины парламант болох Дээд Рада ОХУ-ын Төрийн думын сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрсөнгүй.
 
Төрийн думын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байх санаачилгыг энэ сарын 20-нд Украины “Ардын фронт” нам дэвшүүлж, 264 депутат дэмжсэн санал өгчээ. Украины парламентын гишүүд Оросын тал Крымын хойгт сонгууль явуулсныг эрс эсэргүүцэж дургүйцсэн.
 
Саяхан Украины Гадаад хэргийн яамнаас ОХУ-ыг Крымын хойгт сонгуулийн санал авах хороодыг байгуулсныг буруутгасан. “Крымд сонгууль явуулах нь олон улсын хууль тогтоомжийг зөрчсөн явдал” хэмээн мэдэгдсэн билээ.
 
Украины эрх баригчид Крымын хойгт сонгууль зохион байгуулагчдад хуулийн хариуцлага хүлээлгэхэд бэлэн гэж мэдэгджээ. Өмнө нь Европын Холбоо болон АНУ Крымын хойгт болсон Төрийн думын сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн билээ.
 
М.Хүслэн
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин