sonin.mn
НҮБ. /NHK/. Дэлхийн улс орнуудын удирдагчид Сири болон дайны хөлд нэрвэгдсэн бусад улс орнуудаас хүлээн авч буй дүрвэгчдийн тоог хоёр дахин нэмэгдүүлнэ гэж амласан байна.
 
Тэд ирэх онд 360 мянга гаруй дүрвэгч хүлээн авахаар тохиролцжээ. Дүрвэгчдийн асуудлаарх Дээд хэмжээний уулзалт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы хүрээнд мягмар гарагт болсон юм. 52 улс орон, байгууллагуудын төлөөлөгчид оролцсон уг уулзалтыг АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама даргаллаа.
 
"Дүрвэгчдийн хямрал нь хүн төрөлхтөнд тулгарсан нийтлэг нэгэн сорилт юм. Дүрвэгсдийн ихэнх нь дайны хөлд нэрвэгдээд байгаа Афганистан, Сомали, Сири зэрэг орнуудаас ирж байна. Сирид болж буй үйл явдал бол байж боломгүй зүйл гэдгийг дэлхийн улс орнуудын удирдагчид мэдэж байгаа боловч үүнийг зогсоохын төлөө тэд нэгдэж чадахгүй байна" гэж Барак Обама мэдэгдээд, Сирид энхийг тогтоохын тулд илүү дорвитой хүчин чармайлт гаргахыг улс орнуудад уриаллаа.
 
Харин улс орнуудын удирдагчид дүрвэгчдэд дэмжлэг үзүүлэх, санхүүгийн тусламжийн мөнгө хуримтлуулах зэрэг санаачилга гаргажээ.
Одоогийн байдлаар иргэний дайн, мөргөлдөөн зэргийн улмаас 65 сая гаруй хүн орон гэргүй болоод байна.
 
Д.Нямтулга
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг