sonin.mn
БЕРЛИН. /NHK/. Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумоос "татварын диваажин" гэдгээрээ алдаршсан Багамын арлуудад бүртгэлтэй 175 мянга гаруй компанитай холбоотой баримт бичгүүдийг олон нийтэд дэлгэсэн байна.
 
“Панамын баримт бичиг”-тэй төстэй эдгээр баримт бичгийг Германы “Sueddeutsche Zeitung” сонинд нийтэлжээ.
Баримт бичигт компаниудын эзэмшигчид болон захирлуудын нэрсийг жагсаасан байх бөгөөд тэдний дунд Голландын улс төрч Нели Крусын нэр орсон байна. Тэрбээр 2004-2010 онд ЕХ-ны өрсөлдөөний асуудал эрхэлсэн комиссараар ажиллаж байжээ.
 
Үүний зэрэгцээ Японы 230 иргэний нэрс баримт бичигт байгаагийн ихэнх нь тээврийн компаниудтай холбоотой аж.
 
Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумын гүйцэтгэх захирал Жерард Райл эдгээр баримтыг олонд дэлгэсэн тухайгаа тайлбарлахдаа “ийм төрлийн мэдээллийг ил тод болгосноор олон нийтэд үйлчилсэн хэрэг, оффшор бүсэд юм нууж байгаа бол буруу зүйл хийж байж болзошгүй гэдгийг харуулж буй хэрэг" гэжээ.
Мөн тэрбээр хэлэхдээ, дэлхийн сэтгүүлчид энэ нууцлалыг илрүүлэхийн төлөө цаашид ажилласаар байх болно гэж мэдэгдсэн байна.
 
Д.Нямтулга
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг