sonin.mn
 ЦЕГ-ын дэд дарга, дэд комиссар Ж.Буянбат “Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/”-ын Үндэстэн дамнасан аюул заналхийлэлтэй тэмцэх албаны олон улсын шинжээч- мэргэжилтэн нар болох Хил гаалийн асуудал эрхэлсэн зөвлөх Горанчо Стожковски, Цагдаагийн стратегийн асуудал эрхэлсэн газрын зөвлөх Жеральд Ньюхаус, Терроризмтэй тэмцэх газрын ажилтан Камилла Богное, Мехди Кнани нарыг хүлээн авч уулзлаа.  
 
       ЕАБХАБ-ын төлөөлөгчид Монгол Улсад хууль сахиулах байгууллагын Үндэстэн дамнасан гэмт хэрэг, терроризмтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх, хууль сахиулах байгууллага хоорондын уялдаа хамтын ажиллагааг дээшлүүлэх зорилгоор хэрэгжүүлэх төслийн нөхцөл байдлын судалгаа хийхээр 20-ноос эхлэн манай улсад айлчилж байна.  
 
Айлчлалын хүрээнд Цагдаагийн байгууллагын удирдах албан тушаалтнуудад   болон ХСИС-ийн багш, судлаачид, цагдаагийн байгууллагын дунд тушаалын алба хаагч нарт ЕАБХАБ-ын үүрэг зорилго, хүнийн наймаа, терроризм зэрэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх сэдвээр хичээл зааж, холбогдох мэргэжлийн албадын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.
 
Мөн айлчлалын явцад ХЗДХЯ, Хил хамгаалах ерөнхий газар, Хууль сахиулахын их сургууль зэрэг байгууллагын болон зарим төрийн бус байгууллагын удирдлагатай уулзан мэдээлэл солилцлоо. Олон улсын шинжээч нар манай  ЦЕГ-ын санаачлагыг дэмжиж Монгол Улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах ажлын чиглэлээ эцэслэн тогтоох, хамтран хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн санал боловсруулах юм.
 
Ж.Батсайхан
 
Эх  сурвалж: “Монцамэ” агентлаг